Гадаадад тэтгэлгээр суралцах зөвлөгөө

A- A A+
Гадаадад тэтгэлгээр суралцах зөвлөгөө

Хамгийн эхний алхам бол ямар чиглэлээр мэргэшиж, юу сурахыг хүсч байгаагаа тодорхойлох, үүний дагуу ямар сургуульд ямар хөтөлбөрт суралцахаа тодорхойлж, ямар тэтгэлэгт хүсэлт гаргах боломжтойгоо олж мэдэх юм. Энэ алхмыг хэрэгжүүлснээр өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгын талаар илүү мэдэж авахаас гадна таны гадаадад суралцах зорилгыг илүү бодитой болгож өгнө.

Ямар чиглэлээр мэргэшиж, ямар сургуульд ямар хөтөлбөрт суралцах, ямар тэтгэлэгт хүсэлт гаргах зэрэгт тодорхой хариулттай болсноор тэтгэлэгт хүсэлт гаргахын тулд, тухайн хөтөлбөрт элсэж орохын тулд ямар шалгууруудыг хангах ёстойгоо мэдэж авна. Сурлагын голч оноо, ажлын туршлага, нийгмийн оролцоо, Англи хэлний оноо гэх мэт чухал мэдээллүүдийг албан ёсны эх сурвалжаас сайн лавлаж хараарай.

Ихэнх тэтгэлгүүд сурлагын голч оноо өндөр байхыг шаарддаг бөгөөд хамгийн багадаа 3.0 байна. Тэтгэлэгт хөтөлбөрүүд нь амжилттай суралцаж байсан, ирээдүйд ч амжилттай суралцаж чадах хүмүүст зориулагдсан. Сургуульд сайн кредит оноо авахын тулд маш их хичээж, бүх шалгалт, бие даалтуудыг амжилттай гүйцэтгэсэн байдаг. Тиймээс сурлагын голч оноо нь тухайн хүний хичээл зүтгэлийг харуулах, тэтгэлэг авах гол үндэс болно.

Дараагийн анхаарах зүйл бол олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох. Энэ нь хувь хүний хөгжлийг илэрхийлэх бас нэгэн чухал үзүүлэлт юм. Оролцсон олон нийтийн үйл ажиллагаа бүр таны товч намтарт бичигдэж, ажлын туршлага, мэдлэгийг баяжуулах болно. Хамгийн чухал нь нийгмийн сайн дурын ажлуудад аль болох их оролцох нь нийгмийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдох гол үзүүлэлт болно. 

Бас нэгэн чухал зүйл бол IELTS болон TOEFL-ийн өндөр оноо. Англи хэлний онооны шаардлага нь тэтгэлгийн зайлшгүй чухал шалгуур болдог бөгөөд ямар нэг хэлний бэрхшээлгүйгээр сурч чадна гэсэн баталгаа юм. Тийм учраас эдгээр хэлний шалгалтуудад өөрийгөө сайн бэлдэж, шалгалт өгөх хугацаагаа ч мөн урьдчилан төлөвлөх хэрэгтэй. Олон Улсын Боловсрол Хөгжил сангаас Филиппин улсад Англи хэлний эрчимжүүлсэн сургалтанд сургалтын төлбөрийн 50% тэтгэлэгтэй суралцах боломжийг хүүхэд залуучуудад олгож байгаа юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.edufund.mn/philippines-scholarship холбоосоор аваарай.

За эдгээр зүйлсүүдийг маш сайн бэлдсэн байхад гадаадад тэтгэлгээр суралцах боломж та бүхний өмнө нээлттэй байна.