Австрали улсад суралцахад санхүүгийн баталгаа хэрхэн гаргах вэ?

A- A A+
Австрали улсад суралцахад санхүүгийн баталгаа хэрхэн гаргах вэ?

Австралид суралцах хүсэлтэй иргэд урьдаар оюутны виз авсан байх шаардлагатай. Үүний тулд Австралийн Засгийн газрын гадаад оюутнуудад чиглэгдсэн итгэмжлэгдсэн бүртгэлд (Commonwealth Register of Institutions and Courses for Overseas Students - CRICOS) хамрагдсан их, дээд сургууль, коллежид элсэн СУРАЛЦАХ ЗӨВШӨӨРӨЛ авсан байхаас гадна сургалтын зардлаа санхүүжүүлэх чадамжтай гэдгээ нотлон харуулсан САНХҮҮГИЙН БАТАЛГАА хэрэгтэй. Санхүүгийн баталгааг гаргахдаа дараах нөхцөлийн аль нэгийг сонгоно:

Нэг жилийн зардлыг санхүүжүүлэх баталгаа

Жилийн орлогоор нотлох санхүүгийн баталгаа

НЭГ ЖИЛИЙН ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ БАТАЛГАА

Нэг жилийн зардлыг санхүүжүүлэх баталгаа гэдэг нь: 

Нэг жилийн сургалтын төлбөр

Гэр бүлийн гишүүд болон суралцагчийн эхний 12 сар амьдрах зардал /Хэрэв ганцаараа явах бол зөвхөн өөрийн 12 сар амьдрах зардал/

Замын зардал /Гэр бүлээрээ явах бол замын зардлыг гишүүн тус бүрээр тооцно/

Сургуулийн насны хүүхдүүдийн нэг жилийн сургалтын төлбөр /Хэрэв ганцаараа явах бол энэ зардал хамаарахгүй/

Эдгээр зардлын нийлбэр дүнгээр банк, санхүүгийн байгууллагад бэлэн дипозит хэлбэрээр байршуулсан мөнгөн хөрөнгө байх юм. Санхүүгийн баталгаатай холбоотой илүү нарийвчилсан зөвлөгөө авах бол 77071511 утсаар цаг авч, манай Австралийн Цагаачлалын албанаас магадлан итгэмжлэгдсэн зөвлөхөөс туслалцаа аваарай.

12 сар амьдрах зардлыг тооцохдоо /2018.02.01-ээс мөрдөгдөж буй/

Суралцагч – 20,290 австрали доллар

Эхнэр/Нөхөр – 7,100 австрали доллар

Хүүхэд – 3,040 австрали доллар /Авч явах хүүхдийн тоогоор үржүүлнэ/

Сургуулийн насны хүүхдийн төлбөр

Хэрэв сургуулийн насны хүүхэд авч явах бол нэг жилийн сургалтын төлбөрийг 8000 австрали доллараар тооцож санхүүгийн баталгааг визний өргөдөлд хавсаргана. Энэ нь зөвхөн визний шаардлагад үндэслэсэн хамгийн бага хэмжээ бөгөөд Австрали улсын сургуулийн төлбөр хот мужаас хамааран өөр байх тул сонгосон сургуулийн төлбөрийг төлөх хариуцлагыг та хүлээнэ. Дараах тохиолдолд хүүхдийн сургалтын төлбөрийн баталгаа гаргах шаардлагагүй.

Докторын хөтөлбөрт суралцах бол

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах бол

Замын зардлыг тооцохдоо нэг хүний 2,000 австрали доллараар бодно.

ЖИЛИЙН ОРЛОГООР НОТЛОХ САНХҮҮГИЙН БАТАЛГАА

Суралцагч ганцаараа явах бол жилийн орлого хамгийн багадаа 60,000 австрали доллар гэдгийг нотлох бичиг баримт

Гэр бүлийн гишүүдтэйгээ явах бол жилийн орлого хамгийн багадаа 70,000 австрали доллар гэдгийг нотлох бичиг баримт

Жилийн орлогыг тодорхойлоход суралцагчийн эхнэр/нөхөр (хамт явахгүй тохиолдолд)эсвэл эцэг эх баталгаа гаргах эрхтэй. Эхнэр/нөхөр, эцэг эх бүгд ажил эрхэлдэг бол орлогын нийлбэр дүн дээрх шаардлагад нийцсэн байх ёстой. Орлогыг нотлохдоо ихэнх тохиолдолд нийгмийн даатгал, татварын бүртгэл гэх мэт улсаас олгосон албан ёсны бичиг баримт дээр тулгуурладаг.

Санхүүгийн эх үүсвэр тодорхой байх

Хувь хүн эсвэл албан байгууллага баталгаа гаргах тохиолдолд суралцагчтай ямар хамааралтай болохыг тодорхойлсон бичиг баримт, санхүүгийн эх үүсвэр бүрэлдсэн түүх. Тухайн баталгаа гаргаж буй хүний хувийн бичиг баримт, албан байгууллага бол үйл ажиллагаа явуулж байгааг нотлох бичиг баримтууд шаардана.

Хэрэв виз мэдүүлэхээс өмнөхөн их хэмжээний мөнгө байршуулсан бол заавал тайлбар хавсаргана. Мөн тасралтгүй үүссэн хуримтлалыг ямар эх үүсвэрээс орж ирснийг нотлох шаардлагатай - Цалин гэх мэт.

Хэрэв сургалтын төлбөр, амьдрах зардлыг сургалтын зээлээр санхүүжүүлж байгаа бол банк эсвэл зээл олгосон байгууллагатай байгуулсан гэрээг хавсаргана. Визний өргөдөл шийдвэрлэх хугацаанаас өмнө тухайн санхүүжилт олгогдсон тухай нотлох баримт байх шаардлагатай. Зээлийн хугацаа болон тоо хэмжээ хавсаргасан бичиг баримтанд тусгасан байна.

Сургалтын зээлийн нөхцөл тодорхой тусгагдсан байна. Зарим сургалтын зээл нь суралцагчийн ирээдүйд олох орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэй байдаг бол зарим сургалтын зээлийг санхүүжүүлэгч өөрийн хамтран ажилладаг сургуульд суралцахад олгодог.

Бусад төрлийн зээлээр санхүүжүүлж байгаа нөхцөлд зээлийн эргэн төлөгдөх хугацаа, хүү бусад зардлыг санхүүжүүлэх чадамжтай гэдгээ тодорхойлсон бичиг баримтыг хавсаргана. Зээл нь сургалтын зардлыг бүрэн санхүүжүүлэх бол сайн тал болно.

Эх сурвалж: https://www.homeaffairs.gov.au/trav/stud/more/student-visa-living-costs-and-evidence-of-funds