Print | 2018-02-28
"Харвардын оюутнуудын хамгийн их сонгон судалдаг хичээл Хятадын философи болсон. Конфуций, Лао-Цзы нарын санаа бодлууд сэтгэл судлалын номлолоос хамаагүй илүү үр дүнтэй болсон. Бид ч бас ойлголтоо өөрчлөх цаг болжээ. Сайтар анхаарч уншаарай, амьдралд хэрэг болно" хэмээн Метро Девелопмент Группийн үүсгэн байгуулагч, бизнесмен Б.Одсүрэн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.  Kong Fuzi буюу K'ung-fu-tzu, утгачилбал "Конг багш", гэхдээ Күнз гэдэг нэр нь дорно дахинд түгээмэл, МЭӨ 551‐МЭӨ 479 оны хооронд амьдарч байсан Хятадын гүн ухаантан, их сэтгэгч юм. 

Б.Одсүрэн хятадын гүн ухаантнуудын номлол сургааль,философийг хэрхэн ухварлан таньснаа дараах байдлаар тайлбарласан байна. 

1. Гадна орчин хүнийг бүрэлдүүлдэг ( энэ маш чухал )
Одоо үед өөрийгөө ойлгож, хэн гэдгээ таньж мэдэх нь чухал гэж их ярих болж. Дорно зүгийн сэтгэгчид энэ санаанд нэг их таатай хандаггүй. Бие хүн гэж бид нэрлээд байгаа тэр олон нүүрт, замбараагүй бүрдэл дотроосоо биш гаднаасаа бүрэлддэг. Бусадтай хэрхэн харилцаж байна, тохиолдсон зүйлд хэрхэн хандаж байна, юу хийж байна гэх мэт бидний хийж байгаа үйлдэл бүрээс бүрдэнэ. Бид байнга өөр өөр байдаг. Ээжтэйгээ, дотны найзтайгаа эсвэл хамт ажилладаг хүнтэйгээ гэх зэрэг тухайн үед хэнтэй харьцаж байгаагаасаа шалтгаалан биеэ өөр өөрөөр авч явдаг. Хүн бүр бусадтай байнга шүргэлцэж байдаг дотроо дүүрэн юм чихчихсэн авдар мэт. Шүргэлцэх бүрт хэлбэр нь өөрчлөгдөнө. Бидний одоо байгаа байдал нь байнгын өөрчлөлт, шинэ туршлага, мэдрэмжүүд амьдралд маань нөлөөлсний дүн.

2. Нэгэн хэвийн байх ашиггүй, өөрчлөгдөхөд бэлэн бай
Сэтгэл судлаачдын давтдаг дараагийн номлол бол – өөртөө үнэнч байх. Гэхдээ МЭӨ VI зуунд төрсөн Эртний Хятадын агуу философич Конфуций үүнтэй санал нийлэхгүй байсан. Өөртөө үнэнч, тууштай байх нь эрх чөлөөнд хүргэхгүй гэж тэр хэлэх байсан. Чи яг одоо биеэ яаж авч явж байна тэр чинь л чи. Тэгэхээр, цор ганц “жинхэнэ Би” гэдэг ойлголт огт байхгүй, бид үргэлж л адилханаар бодож, мэдэрч, нэг үйлдлээ байнга хийж чадахгүй шүү дээ. Бидний хийж байгаа үйлдэл бүр дотоод өөрчлөлтийг авч ирж байдаг. “Жинхэнэ Би” гэдэг нь бие хүнийг яг тухайн, маш ахархан хоромд буулгасан хоромхон зуурын зураг юм. Тэр дүр зурагт өөрийгөө чиглүүлэх боломж олгочихвол түүний олзонд орно гэсэн үг. Улмаар бид шинэ туршлага сууж чадахгүй, эцэст нь өөрсдийгөө хөгжүүлэх замыг хаачихаж байгаа юм.

3. Сэтгэл хөдлөлөөр өөрийгөө чиглүүлж болохгүй, Чиг-ээ тогтсон байхад сэтгэл чинь аяндаа тохирчихно
Аутентик буюу жинхэнэ, тууштай, өөртөө үнэнч байх гэдгийн араас хөөцөлдсөөр байгаад бид мэдрэмж, сэтгэлээ үнэмлэхүй нэг туйлт болгочихдог, таалагдаж байна эсвэл таалагдахгүй байна, хүсэж байна эсвэл хүсэхгүй байна. Үр дүнд нь бид ойлгомжгүй эсвэл хол санагддаг зүйлсийг өөрөөсөө түлхэж байдаг. Тухайлбал, “би бизнес хийх хүн биш ээ” гэх шалтгаанаар хувийн бизнесээ эхлэхээс татгалзах. Бидний хийж байдаг үйлдлүүд бидэнд дотоод өөрчлөлтийг авч ирдэг гэж Конфуций сургадаг. Бидний сэтгэл хөдлөл маш замбараагүй, гэхдээ эртнээс бэлтгэж чадвал сэтгэл хөдлөлөө удирдаж, нэг урсгалд оруулж болно. Тухайлбал, толины өмнө нүүрээрээ янз бүрийн сэтгэл хөдлөл илэрхийлж дасгал хийснээр эмоци, сэтгэл хөдлөлөө хурдан сольж сурах юм. Ингэснээр таагүй мэдрэмж, санаа зовнил дээрээ төвлөрөлгүй, цааш амьдрах боломжтой болно.
Сэтгэл хөдлөлөө удирдаж сурснаар бид хүсэж байгаа шигээ байж чадна. Хэцүү зантай хүн: “Би юу гэж боддогоо хүмүүст шууд хэлчихэж чадах юм чинь” гэж өөрийгөө өмөөрдөг. Гэхдээ бүдүүлэг аашилж, өөрийгөө барьж чадахгүй байна гэдэг шулуун, шударгатай агаар нэг биш. Сэтгэл хөдлөлийн сэхээ өндөртэй байна гэдэг нь сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлдэг байхаас гадна, сэтгэл хөдлөлийн баялаг сайтай байхыг хэлнэ. Үйлдэл нь сэтгэл хөдлөлөө удирддаг байвал бид өөрчлөгдөн дэвших боломжтой.

4. Том шийдвэр гаргахгүй байх, харин жижиг алхмаар урагшлах
Амьдралаа тав, арав, арван таван жилээр төлөвлөх нь буруу юу? Бид ирээдүйгээ төлөвлөхдөө бие хүн маань энэ хугацаанд өөрчлөгдөхгүй гэж тооцоолдог. Гэхдээ бид байнга өөрчлөгдөж байдаг: дуртай зүйлс, бодол төсөөлөл, ертөнцийг үзэх үзэл бүгд өөрчлөгдөнө. Бид идэвхтэй амьдрах тусам дотоод өөрчлөлт улам хурдацтай явагдаж байдаг. Одоо үед амжилттай явна гэдэг бол өөрийгөө байнга хөгжүүлэх, ирээдүйгээ тодорхой төсөөлөх гэсэн хоорондоо зохицох боломжгүй 2 зүйлийг өөртөө цогцлооно гэсэн үг.
Асар том амлалт өгөхийн оронд Эртний Хятадын философич Менцийн аргаар жижиг, биелүүлэх боломжтой алхмаар алхаж агуу том зорилтдоо хүрнэ. Та өөрийн карьерийг орвонгоор нь өөрчлөхийг хүсэж, шинэ зүйл туршмаар санагдвал цалингүй дадлага хийх, сайн дурын ажил хийх гэх мэт жижиг зүйлсээс эхэл. Ингэснээр шинэ зам тань таалагдаж, тохирч байгаа эсэхийг мэдэх юм. Шинэ туршлага олж авахад мэдэрч байгаа мэдрэмжээ анзаараарай, тэд танд ойлгоход тусална.

5. Хүчтэй байх хэрэггүй, нээлттэй бай
Хүчтэй нь хожно, амжилтад хүрэхийн тулд шаргуу байж, тууштай зүтгэх хэрэгтэй гэж бидэнд хэлсээр байдаг. Харин философич Лао-Цзы МЭӨ IV зуунд бичсэн “Дао дэ цзин” номондоо дорой байхын давуу талыг бичсэн байдаг. Ихэнхидээ сул дорой байдлыг идэвхгүй байдалтай холбон ойлгодог. Гэхдээ Лао-Цзыгийхаар бол бид хорвоо ертөнц дээр болж байгаа бүх үйл явдлыг хоорондоо уялдаа холбоотой гэж ойлгох хэрэгтэй гэнэ. Тэрхүү холбоог ойлгож, мэдэрч чадвал болж байгаа зүйлсийг ойлгож, бусдыг сонсож чаддаг болно. Ийнхүү дотоод нээлттэй байдал нь хүчээр олж авч чаддаггүй шинэ боломжуудыг нээж өгдөг. Тэмцэхээс татгалзсанаар бид ухаалаг болно " хэмээн тайлбарлажээ. 

Ийнхүү Хятадын гүн ухаантнуудын үзэл баримтлал, философийг тайлбарлан хүргэсэн Б.Одсүрэн гэж хэн бэ? 



Метро Девелопмент Группийн үүсгэн байгуулагч, бизнесмен Б.Одсүрэн 20 насандаа анхны компаниа байгуулж байжээ. Тэрбээр Монголын анхны агаарын тээвэр зуучлалын компаниудын нэгийг эхлүүлж, төв номын сангийн электрон номын сангийн системийг бүрдүүлж, соронзон туузат картыг зах зээлд анх танилцуулж байсан нэгэн. "Би барилгын бизнеэсээ 16 мянган доллартай, нэг машин, нэг найзтайгаа эхэлж байсан. Машиндаа цемэнт ачаад, тэр нь бужигнаад л явдаг байлаа. Цонхоо онгойлгож агаар оруулаад л одоо бодоход их хөгжилтэй санагддаг юм. Одоо их моодонд ороод байгаа канад хаус гэдгийг бид анх оруулж ирэн гурван жилийн дотор 180 гаруйг барьсан. Хорин хэдхэн настай, залуу ч байж, юм юмны туршлагагүй бид энэ дээр том алдсан. Бүр 300 мянган долларын өрөнд орсон" хэмээн ярьсан удаатай.

Барилгын салбарт канад хаусын технологийг нэвтрүүлж, олон олон оффис, орон сууц, эмнэлэг, сургуулийн барилгыг ашиглалтанд оруулсан туршлагатай. Эдгээрээс mall концепцийг улаанбаатарчуудад хамгийн түрүүнд танилцуулж, шинэ соёлд түүчээлсэн MetroMall их дэлгүүрийг нь бид сайн мэдэх билээ. 40 гаруй орноор аялсны эцэст тэрээр "Аялна гэдэг зүгээр тансаглах, зугаалах гэхээсээ илүү ихийг үзэж, нүд тайлж, олон хүнтэй уулзан танилцаж, өөрийгөө тэлэх тухай ойлголт юм. 40 гаруй орноор явж, амьдралын олон хэв маягийг олж харсан" гэжээ. 


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 


Холбоотой мэдээлэл