Print | 2018-02-27
Боловсрол гэж юу вэ? "Боловсролыг чухам ямар түвшинд асуудлыг авч үзэж байгаагаас хамаарч өөр өөрөөр тодорхойлох боломжтой. Хэрвээ хувь хүний түвшинд буюу явцуу утгаар авч үзвэл боловсрол нь "хүний өөрийгөө боловсруулж хөгжүүлэхийн тулд ухамсартайгаар хийж байгаа танин мэдэх үйл ажиллагаа, түүний үр дүн" гэж тодорхойлж болно. Харин нийгмийн түвшинд буюу өргөн утгаар нь авч үзэж байгаа тохиолдолд боловсролыг "иргэдийн сурч боловсрох, хөгжих эрхээ эдлэхэд нь төр, нийгмийн зүгээс дэмжлэг үзүүлж байгаа үйлчилгээ, түүний үр дүн" гэж тодорхойлж болно" хэмээсэн тодорхойлт байдаг. Ингээд боловсрол гэж чухам юу вэ гэдэг талаар хэн юу хэлснийг хүргэж байна. 

Д.Нямсамбуу: \Гавж\
Боловсрол гэдэг үг үгийн хувьд дээрээс байсан үг. Буддын шашинд энэ ойлголтыг энэ үгээр хэрэглэж орчуулаад тав, зургаан зуун жил болж байгаа юм. Хүний үндсийг боловсруулна гэж бид ярьдаг. Тархи, зүрх гэдэг хослолтой адил бурхны шашинд арга, билэг гэж бий. Рациональ бодол ба ёс суртахуун, энэрэл нигүүлсэлийн хослол, тэнцвэрийг арга, билгээр илэрхийлдэг. Энэрэл, нигүүлсэлд рациональ суурь байх ёстой эсэх гээд л зөндөө асуултууд байдаг. Бид бүгд сайн сайхан зүйлийг хүсдэг боловч өөрийн сайн сайхны төлөө явж, бусадтай өрсөлдөхийн тулд энэрэл, нигүүлсэл гэж ярих нь зөв юм уу, буруу юм уу гээд бид хэлэлцдэг. Энэ маргаан ари үндэстэн гэдгээр илэрч дэлхийн хоёрдугаар дайнд хөтөлсөн гэж ярьдаг шүү дээ. Бусдыг хүндлэх, хайрлах ёс суртахуунтай байна гэдэг нь тархи, оюун ухаантай холбогдох ёстой юу, үгүй гээд асуултууд байдаг. Бурхны шашинд энэ хоёрыг холбож өгөхийг л арга, билэг хосолно гэж хэлдэг. Улс орны хөгжлийн суурь нь явж явж ёс суртахуун дээр л тогтдог. 


Ө.Ганзориг: \МБХ-ны Ерөнхийлөгч\
Үгнээс илүү агуулга нь чухал. Зарим хүн арван жилийн сургууль төгссөнөө, их сургуульд сураад диплом авснаа, математикийн олимпиадад түрүүлснээ боловсрол гэж бодоод байдаг. Би боловсролыг мэдлэгээс салгаж тодорхойлохыг хүсдэг. Мэдлэг, чадвар гэдэг зүйл боловсролоос ялгаатай. Боловсролтой хүн гэдэг нь төлөвшсөн, сэтгэлзүйгээ удирддаж чаддаг, бусаддаа энэрэнгүй, нийгэмдээ хувь нэмэр оруулдаг хүнийг хэлнэ.Манай боловсролын систем ялзарснаас болоод сэтгэлзүйн төлөвшилгүй олон хүнийг бэлтгэж гаргаж байна. Сэтгэлзүйн төлөвшилгүй хүн бол боловсролгүй хүн.


С.Молор-Эрдэнэ: \Доктор\
Боловсрол гэдэг заавал мэдлэгтэй адилхан биш. Боловсролыг зорилготой, хугацаатай, их бага болон дээд доод гэх мэт янз бүрийн хэлбэрээр олж өөрөөр хэлбэл сурч боловсордог. Гэтэл мэдлэг бүх л мэдэж авч буй зүйлсийг нэрлэх тул хэрэгтэй хэрэггүй үнэтэй үнэгүй гээд янз бүрийн зүйл мэдэж авсаныг хэлнэ. Мэдээж мэдлэгтэй хүн юу цээжлэхийгээ мэднэ. Мэдлэггүй хүн юу ч хамаагүй цээжлэнэ. Ерөөсөө мэдлэг боловсролтой хослох ёстой. 10 жилийн боловсрол, дээд сургуулийн боловсрол, их сургуулийн боловсрол юуны төлөө вэ? Удирдлагын академийн боловсрол, хэдэн сарын курсийн боловсрол, хэд хоногийн дамжааны боловсрол хэнд юунд зориулагдсан бэ? Яагаад хүмүүст боловсрол хэрэгтэй вэ? Хэн гэдэг хүмүүс бусад хүмүүст боловсрол өгөх чадвартай вэ? Боловсрол гэж юу вэ? Юуны тулд хүн боловсролтой болдог вэ гэхээр заавал их зүйл мэдэж бусад хүмүүст зориулсан биш өөрт зориулсан тул хувийн асуудал. Энэ хорвоод хүн нэг л удаа амидрахдаа бүгдийг ойлгож ихийг мэдэж сурсанаа хэрэглэж хаа ч хэнд ч үнэлэгдэж нэр төртэй явахад боловсрол чухал ач холбогдолтой. Олон хүн боловсролыг мэргэжилтэй андуурдаг. Мэргэжил бол тодорхой хугацаанд суралцаад л сурчихдаг зүйл. Мэргэжилийг мэрэгжилтэй хүн бусдад заана. Боловсролыг хүн өөртөө хичээж суралцана. Мэргэжилийг ажил албандаа үнэлүүлээд цалингаа авна. Гэтэл боловсролыг бусад хүмүүс л үнэлнэ.


Р.Эхнбат: \Адмон компанийн захирал\
Боловсрол бол энд тэндээс хөнгөн хялбар аргаар хуулбарлан оруулж ирдэг төсөл, хөтөлбөрүүд биш, бид өөрсдөөсөө эрж хайж, өөрсдийн нөхцөл бололцооноос урган гарах бүтээлч ажлын үр дүн. Боловсролын хөгжлийг урсгалаар явагдах зүй тогтол гэж үзэх, эсвэл “болно”, “бүтнэ” гэсээр өөрсдийгөө хуурах, хий хоосон төсөөлөл, найдлагаар хол явахгүй нь маш тодорхой. Боловсрол гэж юу болох, боловсролыг түүхэн хөгжилтэй нь хамт ойлгосон цагт л төрөөс боловсролын бодлого зөв зүйтэй томъёологдож, боловсрол жинхнээсээ төр олон нийтийн үйл хэрэг болно.


Г.Анхбаяр: \МУИС-ийн хэрэглээний математикийн тэнхимийн багш\
Монголчууд боловсрол гэдэг үгтэй танилцаад нэг их удаагүй гэж би боддог. 1911 он хүртэл 700 гаруй сүм, хийд байсан гэдэг. Тэр үед хүүгээ ламд аваачиж өгөөд номтой хүн болгохыг хүсдэг байсан. Номтой хүн гэдэг нь тухайн үедээ боловсролтой хүн гэдэгтэй дүйж байсан болов уу. Социализмын үед боловсролыг суурь, ерөнхий, дунд, дээд зэргээр хуваасан. Үүнтэй холбоотойгоор нэг хэсэг Боловсролын яамыг Гэгээрлийн яам гэдэг байсан. Дотроо гэгээрсэн хүмүүсийг боловсролтой гэж үздэг нэг хэсэг байхад нийгэмдээ баялаг бүтээж буй чадвартай, хөдөлмөрч бүлгийг боловсролтой гэж тооцдог хэсэг ч байна. Соёлын талаар 400 тодорхойлолт байдаг гэдэг шиг боловсролыг нарийн, нэгдсэн байдлаар тодорхойлоход ярвигтай.




 


Холбоотой мэдээлэл