Print | 2018-02-26
Яруу найргийн дөрвөн түүвэр, өгүүллэгийн нэг ном гаргасан ид өсөн дэвжиж яваа залуу уран бүтээлчдийн нэг бол Б.Алтанхуяг. Тэрээр бага балчир насандаа үеийнхэнтэйгээ нийлж тоглоод байдаггүй зожиг ганцаардмал хүүхэд байсан бөгөөд түүнд гагцхүү бүдэгхэн гэрэлтэй сургуулийн номын сан л ихээхэн таалагддаг байсан гэдэг. Тэр бодож бясалгадаг, “юм” бичих авъяастай хүмүүсийн нэг яах аргагүй мөн байх. “Үргэлж суралцаж, урлаг, уран зохиолын бүх л төрлийн мэдээллээр өөрийгөө хангаж, дахин шинэ Алтанхуягийг бий болгохыг эрмэлзэж явдаг” хэмээн ярих түүний дотоод сэтгэлээр нь аялахыг хичээсэн ярилцлагаа хүргэж байна.



-Мэдээж утга, уран зохиолын хүрээнийхэн өөртэй чинь эчнээ танил болчихсон гэж бодож байна. Гэхдээ Алтанхуягтай хувь хүн талаас нь танилцмаар байна л даа...

-Утга зохиол дотор мэдээж урлагийн бүх төрлүүд багтддаг. Харин уран зохиол гэж яривал онох байх. Гэхдээ МУЗ-ын ай сав тийм ч жаахан биш шүү дээ. Тэгэхээр намайг таньж мэдэхгүй хүн олон болов уу. Танигдаж, сүйд болохоор юм хийчихсэн хүн ч гэж өөрийгөө бодохгүй байна. Ямартаа ч үргэлж суралцаж, урлаг, уран зохиолын бүх л төрлийн мэдээллээр өөрийгөө хангаж, дахин шинэ Алтанхуягийг бий болгохыг эрмэлзэж явдаг.

-Аливаа зүйл цаанаа ямар нэг шалтгааныг агуулж байдаг шүү дээ. Яагаад уран зохиолд дуртай, шүлэг найраг бичдэг хүн болчихов. Танай удамд шүлэг бичдэг хүн байдаг уу?
-Магадгүй аливаа хүн өсч бүрэлдэхэд өссөн орчин их чухал байдаг болов уу гэж санадаг. Би Хэнтий аймгийн Батноров суманд өссөн. Манай удамд шүлэг зохиол бичдэг хүн үгүй. Харин ээж Б.Оюун-Эрдэнэ маань сумын соёлын төвийн захирал, номын санч зэрэг албыг хашиж байсан хүн. Өөрөө ном уншдаг, хэрэгцээ гарвал шүлэг биччихдэг байсан юм билээ. Миний хувьд үеийнхэнтэйгээ нийлдэггүй багаасаа л нэг тийм зожиг, ганцаардмал байсан. Юмсыг дандаа гутранги байдлаар харж өссөн болоод ч тэр үү сургуулийн номын сан л бүдэгхэн гэрэлтэй, хоосон шахуу байдаг болохоор их таалагддаг байж билээ. Үлгэрийн номноосоо тэнд салж оросын сонгодог зохиолчдын бүтээл, дэлхий дахины гайхамшигтай түүхүүдийн олон номуудтай учирсан. Таалагдсан шүлэг, бичвэрүүдийг зузаан хуудастай дэвтэрт хуулж бичээд л цүнхэлж явдаг байв. Тэр үеэс л ном унших хүсэлтэй, уран зохиолд дуртай доторх бяцхан жаал минь зөнгөөрөө бүрэлдэж, өсч өндийсөн болов уу. Тэгээгүйсэн бол эгчийн өгдөг чихэр, аавын авчирсан тоглоомуудын алинд ч шунадаггүй, нэг л тийм дүнсгэр өсвөр насандаа ирээд бүх зүйлийн утга тодроод байгаад сэтгэл нь гонсойсон, ганцаардал байх ёстой зүйл болохоор өөр замгүй гээд итгэчихсэн хүү хэвээрээ үлдэх байсан болов уу.



-Утга зохиол судлаач, шүүмжлэгч гэх энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Цэвэр өөрийн чинь сонирхол уу, аав ээжийн чинь оролцоо байв уу?
-Мэдээж цэвэр өөрийн минь сонголт. Нэг зүйлийг хэлэхэд ээж, аав хоёр минь хэзээ ч миний хүсэл сонирхолыг үгүйсгэж, явах хүсэлтэй замын минь гэрлийг өөр зам дээр аваачиж өлгөж байгаагүй. “Дуртай юм аа л хий, дуртай хичээлдээ л бусдаас сайн бай” гэж аав минь хэлдэг байсан. Өөрөө аймгийн алдарт уяач, БНМАУ-ын Эмнэг хангал сургалтын Спортын мастер цолтой хүн. Тиймээс морио уяж, айргаа хүртээд л амгалан инээж суув даа. Арван жил төгсөхөөс нэг жилийн өмнө л Их сургуулийн “Утга зохиолын ажилтны” ангийг судалж мэдсэн. Тиймдээ ч энэ сургуульд сурна, заавал энэ хуваарийг авна гээд шийдчихсэн байсан. Манай аймагт энэ ангийн ганцхан хуваарь очиж, тэр нь надад ноогдож билээ. Одоо өөрийгөө сул дорой, бүтэлгүй нэгэн бус их азтай хүүхэд байж гэж боддог шүү.

-Яруу найргийн дөрөв, өгүүллэгийн нэг ном гаргасан шүү дээ. Номнуудынхаа тухай ярихгүй юу?
-Балчир хүүхдийн хөөрч баярласан сэтгэлээр л эхний номуудаа гаргачихсан юм. Тийм болохоор яриад байх зүйл байхгүй дээ. Харин оюутан ахуйдаа хэвлүүлсэн “Муурын байшингуудын түүх”, сүүлд гаргасан “Шувуудын гүн ухаан” яруу найргийн түүврээ гайгүй болчихсон юм болов уу гэж боддог. Гэхдээ би өөрийгөө чадахгүй байна, дахиад сайн унш, тэгэхгүй бол чамд энэ талбарт орон зай олдохгүй гэж байнга хэлж, голдог. Тиймдээ ч үргэлж шинээр суралцаж, тодорхой нэг зорилго өмнөө тавьсан бол түүнийхээ төлөө өөрийгөө тал бүрээс нь хөгжүүлэхийг хүсдэг. Өгүүллэгийн номны хувьд гэвэл 15, 16 настайдаа бичиж байсан зүйлээ хожим засч янзлаад хэвлүүлсэн юм. Хүний сэтгэлзүй дэх айдас дээр тоглолт хийхийг бодож, дүр бүрт нь ургуулж өгөх гэж хэт хичээснээс тодорхой дүр, үйл явдал багатай болчихсон байж мэднэ. Гэхдээ хоосон цэнхэр дүрүүд байхгүй л болов уу гэж боддог доо.



-Юманд нэр өгнө гэдэг их утга учиртай чухал зүйл. Ингэхэд номынхоо нэрүүдийг яаж олж нэрлэдэг вэ? Нэр сонин содон байх тусмаа анхаарал их татдаг шүү дээ...
-Нэр гэдэг тухайн номыг бүхэлд нь тодорхойлж чадахуйц зүйл байх ёстой гэж боддог. Нөгөөтэйгүүр чиний уран бүтээлээрээ гаргах гэсэн утга санааг далдуур агуулж эсвэл илэрхийлж байх учиртай. Миний хувьд гэнэт л бодолд минь ороод ирдэг. Агаараас бодлоороо санаа шүүрэхэд тийм ч их төвөгтэй зүйл санагддаггүй.

-Яруу найраг гэж юу вэ? Өөрийн чинь тодорхойлолтоор...
-Би өөрөө ч энэ асуултыг хүнээс асуух дургүй л дээ. Учир нь тодорхойлж боломгүй зүйл шиг санагддаг. Таагүр “Хорвоо намайг зовлонгоор үнссэний Хариу нь миний яруу найраг” гэж хэлсэн байдаг. Гэхдээ бичих нь өөртөө тайвшралыг агуулж байдаг болохоор эсрэг тодорхойлолтууд ч гарч ирдэг л юм. Тиймээс л тодорхойлох хэцүү байгаа юм. Ялангуяа одоогийнхоо насан дээр би хүн төрөлхтний хэдэн зууны турш бүтээж ирсэн зүйлийг өөрийнхөөрөө тодорхойлох нь бүтэшгүй зүйл биз.

-Зохиолч хүн бүрийн онгод өөр. Чиний хувьд онгод гэж юу вэ? Яг ямар үед онгод чинь ордог вэ?
-Энэ асуулт ч мөн хэцүү юм. Онгод гэдэг магадгүй тухайн агшинд торох бодол, оргилсон их мэдрэмж л байх. Би мэдэрсэн зүйл ээ л бичдэг. Нэгэнт үгүй болчихсон хүмүүсийн үлдээсэн дурсамжуудыг санах бүрт дотор эмтэрдэг. Унтарсан итгэл найдвар, нэгэнт надад хамааралгүй болчихсон мөртлөө бодогдоод байдаг зүйлсийн төлөө шаналан, цөхрөлд орой бүрт автдаг. Тийм л үедээ юм бичих хачин их хүсэлд хүлэгддэг.



-Зарим хүмүүсийн хэлдэгчлэн архи, тамхи хэрэглэх мэтээр онгодоо оруулж байсан уу? Залуу хүний хувьд янз бүрээр туршиж үзэж байв уу?
-Нэг тийм бусдын тархинд огт биежигдээгүй онцгой шүлэг, зохиол бичихийг хүсч дарс, янжуур хэрэглэж байсан удаагүй ээ.

-Нэг шүлэг бичиж дуусчихаад түүнийгээ унштал, өмнө нь хаа нэгтээгээс уншиж байсан юм шиг мэдрэмж гэнэт бие зарайлгадаг. Ийм нэг сонин мэдрэмжид автаж байв уу?
-Бичсэн шүлэг бүр минь л хэн нэгний далавчны чимээ шиг жихүүн салхи үүсгэдэг байсан. Харин одоо л жаахан өөрийнхөө дотор луу өнгийж, мэдрэмжээ хуурахгүй байж сурч байх шиг санагддаг.

-“Бусдаасаа ялгарах юмгүй бол шүлэг бичээд хэрэггүй” гэж хаа нэгтээгээс сонсож байсан юм байна. Одоогийн залуучуудын бичиж байгаа шүлгүүд адилхан ч юм шиг санагддаг. Чиний хувьд?
-Би сайн тогтож уншиж үзээгүй хүмүүс тэгж ярьдаг болов уу гэж боддог. Үнэндээ бүгдийнх нь шүлэг найраг хоорондоо тэс ондоо. Хэлбэр, үг, утга санааны хувьд тэд өөрсдийнхөө л байшинг бүтээж яваа санагддаг. Мэдээж жаахан хийсвэрлэл, айзам хэмжээ, хайрцаглалаа өөрчихвөл Европыг дууриалаа гэж зэмлэдэг. Дорныг сайн унш гэж ахмадууд ч захидаг. Мэдээж хэл найруулгын хувьд илүү уянгатай, сонсголонтой. Гэхдээ урлаг гоё байж, омогшил сайхан сэтгэгдэл төрүүлэхээс илүү асуулт үлдээхийг чухалчилдаг шүү дээ.

-Байгалийн ямар үзэгдэл чиний сэтгэл, сэрэл мэдрэхүйг хөглөдөг вэ?
-Би өвөлд хайртай. Тиймээс ч байгалын үзэгдлээс цасанд их дуртай. Шөнө унтаж байхад, надаас нуугдаад орчихсон цас өглөө гарахад хачин гоё сэнгэсэн агаарыг түгээдэг. Тэр л агшинд хамгийн их дуртай байдаг даа.



-Шүүмж судлалын чиглэлээр номоо хэзээ гаргах гэж байна? Бичсэн судалгааны өгүүлэл олон л байгаа байх?
-“Алтан Өд”-ийн шагналт, яруу найрагч О.Содномпил, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн захирал, Хэл бичгийн ухааны доктор Д.Ганболд тэргүүтэй хүмүүс Набоковын уран зохиолын задлал, лекцүүдийг ном болгон хэвлүүлж, утга зохиолын судлал шинжлэл цувралыг эхлүүлсэн. Өдгөө 17 дахь боть нь уншигчдад хүрээд буй. Цаашдаа 30 боть гарах төлөвлөгөөг эхлүүлсэн. Энэ дунд 30 дахь ботиор “Уншихуйд автахуй” нэртэйгээр номоо гаргах төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө уран сайхны шүүмж, бичвэрүүд голлох болов уу. Өдгөө олон хүнд жишээгээр зодож бичихээс илүүтэй өөрийн тайлал, гаргалгаанд илүү анхаарч зохиолын титалуудыг нарийн ажигласан уран сайхны шүүмж, бичвэрүүдийг хүмүүс таалдаг болсон.

-Сэтгүүлч мэргэжил хэцүү хатуу, сүүлийн үед энэ салбар шударга бус асуудалтай болсон гэж яригддаг. Хөдөлмөрөө хэрхэн үнэлүүлж ажиллаж байна? Бараг хүсэл сонирхолоороо хийдэг ажил болчихож тийм үү?
-Анх хоёрдугаар курсын оюутан байхдаа Ш.Даваадорж эрхлэгчтэй “Үндэсний мэдээ” сонинд ажиллаж энэ мэргэжлийн амт шимт, хэцүү бүхнийг зах зухаас нь ойлгож авсан. Мөн оюутны “Алтан үзэг” наадамд оролцож шагнал авах үед сэтгүүлзүйн нэрт мастер хэмээн оюутнуудын ярьдаг байсан МУСГЗ Б.Ганчимэг эгч нэг оюутны хамт нэрийг минь дурдаад “Энэ хүүхдүүд шиг сайн явж, олон хоног нэг зүйлийнхээ төлөө тууштай зүтгэж байж сэтгүүлч болдог юм” гэх үгэнд их урамшиж билээ. Сүүлд 7 хоног тутмын “Open door” сонинд эрхлэгчээр ажиллаж байхад нь уулзаж танилцсан. Б.Ганчимэг эгчийн “Аав бид хоёр” номыг уншиж энэ мэргэжилд хайртай болсон доо. Харин шудрага бус асуудлууд нийгэмд үргэлж л гардаг. Нийгэм эмх замбараагаа алдаж дараа нь цэгцтэй болно. Буцаад л хөл толгойгоо алдаж, хоас байдал давамгайлдаг. Гол нь ямар ч зүйл хийлээ гэсэн бид өөрсдийн хүслээр хийж, бүтээж, өөрийгөө л олох гэж хичээдэг. Тийм л журмаар ажлаа хийгээд алхаж явна.



-Энэ мэргэжлийн эерэг сайхан нь юундаа оршдог гэж бодож байна вэ, залуу сэтгүүлчийн хувьд?
-Сэтгүүлч хүн өөрөө асар их мэдээлэл, мэдлэгтэй байх нь чухал юм шиг санагдсан. Дан ганц урлагийн сэтгүүлч гээд спорт мэдэхгүй, спортын сэтгүүлч гээд урлаг, улс төрийн талаар ойлголтгүй байж болохгүй. Тиймээс бүхий л зүйлийг уншиж мэдсэн, цаг үетэйгээ хөл нийлүүлж, юмыг голчтой дүгнэж, цуглуулсан мэдээлэлдээ анализ хийж чаддаг байх хэрэгтэй. Дээр нь олон сайхан хүмүүстэй уулзаж танилцдаг. Энэ нь надад их сайхан санагддаг юм.

-Таны ажлаа хийх гол арга барил чинь юу вэ?
-Тогтсон арга барил гэхээр зүйл яг оноож хэлэхэд хэцүү. Бичих зүйлсээ ихэвчсэн үүрээр биччихээд буцаад унтчихдаг болохоор заримдаа ажлаасаа жаахан хоцордог. Шөнөөр л ажиллах их дуртай.  Би одоогоор “Монцамэ” агентлагт тоймчоор ажиллаж байна. Өглөө бүр агентлагийн сэтгүүлчид мэдээллийн өрөөндөө цугларч өнөөдөр хийх ажил, өнгөрсөнд гаргасан материалуудаа дүгнэж ярилцдаг. Тэндээс хийх сурвалжлага, бичих нийтлэлийн даалгавар авна. Ихэвчлэн өөрөө ийм сэвдээр бичих гэж буйгаа илтгэж дарга нартайгаа санаа бодлоо солилцдог. Тэгээд мэдээлэл цуглуулж, олон зүйл унших, хүмүүстэй уулзах шаардлага гардаг. Энэ бүхнийг өдөр нь амжуулаад шөнө нь сууж юм аа бичдэг дээ.



-Судалгааны ажил бичих, шүлэг өгүүлэл, зохиол бичих, дээр нь сэтгүүлчийн ажлаа хийх гээд энэ бүхнийг хэрхэн зохицуулж амжуулдаг вэ?
-Сүүлийн үед сэтгүүл зүйн бүтээлүүд их бичиж байх шиг. Зүгээр нэг мэдээлэл өгөөд өнгөрөх биш сүүлд өөрийн минь бичсэн зүйл “бүтээл” болж үлдээсэй гэж боддог болохоор аян замын тэмдэглэл, сурвалжлага, нийтлэлийнхээ өмнөх үгийг тавих гэж их боддог. Шүлэг, зохиолыг өдөр бүр бичээд байдаггүй болохоор амжуулаад л байдаг юм.

-Гоц гойд сэтгэгдэл төрүүлсэн ном гэвэл ямар номыг нэрлэх вэ? Бас ширээний ном чинь юу вэ?
-Яг одоогоор байнга сөхөж харж, дахин уншиж буй ном гэвэл Туркийн зохиолч Сабахаттин Алигийн “Арьсан хүрэмтэй Мадонна” гэж ном байна. Энэ номыг уншаад өөрийн эрхгүй цурхиртал уйлж үзсэн. Бид хэзээ нэгэн цагт тоосонцор төдий байсан, одоо ч хүн гэдэг мөнхийн бус буцаад л хоосон төлөвтөө шилжих байх. Харин оршин буй нөхцөлдөө бид юуг ухаарах ёстойг, хүний сэтгэл зүрх, хайр дурлал гэж яг үүн шиг зүйлийг хэлдэг юм шүү гэсэн бодол дээрх номыг уншаад төрсөн. Яруу найрагч Б.Одгэрэлийн орос хэлнээс түүвэрлэн орчуулсан Эдгар Погийн “Улаан үхлийн баг” өгүүллэгийн түүврийг олон дахин уншсан. По зүгээр нэг детектив зохиолч бус хүн яагаад айдаг, юунд догдолдог вэ гэдэгт хариулт өгөхийг оролддог мэт санагддаг. Дүрийн сэтгэлзүйг өгүүллэг бүртээ голчлон авч үздэг. Тэгээд ч түүний урласан ахуйн бараан дүр зургууд надад гүн сэтгэгдэл төрүүлдэг учраас дахин дахин унших дуртай. Мөн анх Г.Аюурзаны орчуулсан Борхесийн “Хоёр хаан хоёр хонгил”, Фолкнерийн “Өвгөд” номуудыг уншиж уран зохиолын сайхныг мэдэрч, ингэж бичиж бас болдог байх нь хэмээн гайхширч билээ. Мөн П.Лувсанцэрэнгийн “Хаврын шувуу”, П.Баярсайханы “Гэрэл гэгээг хүснэ” номууд онцгой сэтгэгдэл үлдээж байсан.



-Өөрийн чинь үеийн залуус өнгө, мөнгөнд хэтэрхий их анхаарч оюун санаагаа цэнэглэх, ном унших гэдэг зүйлээс холдсон юм шиг санагддаг. Үүнийг юу гэж дүгнэдэг вэ?
-Харин ч их уншиж байна. Залуучууд ном их уншдаг болж, номын групп олноор нээж, уншсан, унших номынхоо талаар мэдээлэл солилцож, тэмдэглэл ихээр хөтлөх боллоо. “Тагтаа” паблишинг хэвлэлийн газрын ах, эгч нарын ачаар уншсан номынхоо тэмдэглэл бичиж, ойлгож ухаарсанаа бусадтайгаа хуваалцдаг залуусын тоо ихээр нэмэгдэж байна. Номын дэлгүүрүүд онцгой хямдрал, урамшуулал зарладаг уламжлалт өдрүүдтэй болж тэр үеэр нь номын дэлгүүр дүүрэн хүнтэй байх нь харагддаг. Тиймээс залуус номоос өөр зүйлд хэт шунаж байна гэж ойлгох нь одоогийн нөхцөлд таарахгүй болов уу. Мэдээж хүний хүсэл шунал хазааргүй эд. Эцэст нь хойшид бидний юу хийж бүтээснийг харахаас бус юу эдэлж хэрэглэж явсныг хүмүүс огт анзаарахгүй гэдгийг л бүгдээрээ ойлгочиход болох байлгүй дээ.

-Уншсан номоо тоолж үзэв үү? Номын сангийн чинь цуглуулга хичнээн номтой болов? 
-Тоолж үзээгүй юм байна. Тэгэх ч шаардлага байхгүй биз дээ. Харин номын санд маань ойролцоогоор мянга гаруй ном байгаа.  Арван жилээ төгсөөд МУИС-ийн Утга зохиолын ажилтны ангид орсноосоо хойш номонд илүү ихээр дурлаж, шимтэн уншдаг болсноосоо хойш өөрийн гэсэн номын сангаа бий болгосон. 



-Чиний амьдрал, үзэл бодолд чинь хамгийн их тэсрэлт болсон үйл явдал юу байв?
-Саяхан нэг үйл явдал болж өнгөрснийг би цаашид мартахгүй байх. Тэр үйл явдал бие сэтгэл, үзэл бодол, бодгалыг минь бүхэлд нь өөрчилсөн. Амьдралд минь нэг эмэгтэй гарч ирсэн юм л даа. Мэдээж би залуу хүн, цаашдаа юу өрнөхийг мэдэхгүй анх амталсан энэ мэдрэмж, хагацлын шаналан, түүний хичнээн хүндийг мартахгүй болов уу. Өөр зүйл яриад илүүц биз.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Унтахаас л эхэлдэг байх. /инээв.сурв/ Үүрээр шахуу юм аа дуусгаад унтдаг болохоор өглөөгүүр жаахан нойрсчихдог юм. Тэгээд “Монцамэ” агенлагийг зорин алхахаас л эхэлдэг. Тэгж явахдаа бичих зүйлсийнхээ талаар бодож, эргэн тойрныхоо юмсыг их ажиглана. Өглөөний хуралдаа сууж бичих зүйлсийнхээ талаар мэдээлэл цуглуулж, хүмүүстэй уулзаж, зав гарвал ном, сэтгүүл гарчиглаж суугаад л өнгөрдөг. Ерөнхийд нь тоймлож хэлвэл ийм. Харин “Өдөр бүр өөр, өөрийн дуутай” гэж зохиолч Г.Аюурзаны бичсэнчлэн сэтгэл догдлуулах, цөхрөлд автуулах олон олон учралуудтай тохиолддог л юм. Ер нь манай Улаанбаатар чинь нэг тийм аливаа зүйлийг төлөвлөж болдоггүй зүрхний хийтэй юм шиг хот шүү дээ. Маш их эрчилсэн долгион, товлоогүй уулзалт, гэнэтийн огцом эргэлт дунд оршиж байх шиг, тэр нь надад их сайхан санагддаг.

-Хамгийн сайн зөвлөгч, туслагч чинь хэн бэ?
-Ном. Хэлбэр төдийхөн биш шүү. Мэдээж би бичихээс бусдыг бараг чаддаггүй хүн. Тийм ч учраас ном, мөнхүү уран зохиол, сэтгүүлзүйн хүрээний олон сайхан ах эгч, найз нөхөд бий.



-Цаашид хийхээр төлөвлөсөн хамгийн том зүйл юу вэ?
-Англи хэл улам сайжруулах, Орос, Франц хэл сурах юм даа. Төлөвлөгөөгөө эхлүүлчихээд л явж байна.

-Амьдралын гол зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Их олон зүйл байгаа. Тэр бүхнийг нуршаад, мөрөөдлөө бусадтай хуваалцмааргүй л байна шүү. /инээв.сурв/ Би өөрийн дуртай зохиолч Эдгар Аллан Погийн манайд орчуулагдаагүй шилмэл өгүүллэгийн түүвэр, “Хэрээ” сонгомол шүлгийн түүврийг эх монгол хэлээрээ яруу тансаг хөрвүүлэхсэн гэж хүсдэг. Одоогоор унших, сурах зүйл олон, явах газар их бий болохоор олон зүйл ярьж чадахгүй нь дээ.

-Илүү их сурч боловсорч, өөрийгөө илүү хөгжүүлье гэсэн төлөвлөгөө бий юу?
-Залуу хүн бүрт л байдаг байх. Надад ч бий. Үргэлж л сурагч байхыг хичээдэг.

-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Ихэнхдээ ном уншиж, хөгжим сонсч, кино үзэж л өнгөрөөдөг юм. Миний нэг дотны яруу найрагч ах С.Начин анх арт хаус болон арилжааны бус кино гаргадаг “Алтан хальс” холбооны “Dreamer’s day” өдөрлөгт дагуулж очсоноос хойш гаргадаг кино бүрийг нь алдалгүй үзэхийг хичээдэг болсон. Тэр утгаараа ч киноны тухай ойлголт, үзэл бодол минь их өөрчлөгдөж чөлөөт цагаараа кино үзэх минь ихсээд байна. 



-Ямар хөгжим сонсох дуртай вэ?
-Хөгжмийг ойлгож сонсоно гэдэг бас их өөр зүйл. Миний хувьд хип хоп хөгжимд дуртай. Багаасаа л шүлэг бичих дуртай байсан болоод ч тэр үү репперүүдийн райм, сүүл холболтууд их таалагддаг, өөрөө ч бичих гэж оролддог байсан. Опозит, Darksyde зэрэг хамтлаг, Hades –ийн дуунуудад дуртай. Ер нь бүх реп дуучид, хамтлагуудыг их бага хэмжээгээр сонсч байсан. Мөн “Of the Monsters men”, “Магнолиан”, “The Colors”, “Нисванис”, “Моханик”, “La Femme” гээд сонсох дуртай хамтлагууд их бий.

-Юунаас урам зориг эрч хүч авдаг вэ?
-Надад бодохоос өөрийг хийж чадахгүй байгаа юм шиг мэдрэмж үе үехэн орж ирдэг. Тэгээд гутарч, элдэв бодолд дахин төөрөлдөж, уйлмаар ч болох нь энүүхэнд. Тийм л орь ганцаардмал мөчүүд, нэгэн хэвийн урсч өнгөрөх шиг уйтгартай амьдралын хэмнэл намайг хурцалдаг.

-Ямар үед өөрийнхөө байж чаддаг вэ?
-Гэртээ ганцаараа, гэрэл унтарсан байх үед. /инээв.сурв/ Ер нь аливаа албан ёсны үйл ажиллагаанаас бусад үед дандаа л өөрийнхөөрөө байдаг.

-Өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ?
-Уншиж байгаад тэврээд унтчихсан номоо тавиурлуу тавьдаг юм байна. Тэгээд л өглөөний цайгаа ууж, хувцсаа өмсөөд ажлын зүг яаравчилдаг.

-Амьдралдаа баримталж, уриа лоозон болгож явдаг үг чинь юу вэ?
-“Сайхан сэтгэл бол төгс төгөлдөр. Төгс төгөлдөрийг юутай зүйрлэнэ гэж...” яруу найрагч Л.Өлзийтөгсийн энэ үгэнд би хачин их дуртай. Ямарч бурхны сургааль, философичдын афоризмаас илүүтэй бодож явдаг үг минь юм. Өдгөө хүн төрөлхтнийг нэг дор нэгтгэсэн шашин ч гэж алга байна шүү дээ. Бүгд л өөдгүй, хувиа хичээсэн ааш гаргаж, тэр хэрээрээ үзэл бодлын сөргөлдөөнөөс үүдсэн дайн дайжин болж байна. Төгс төгөлдөрийг урлаг, утга зохиол бүтээсэн газар үгүй гэж ярьдаг. Харин дээрх үгэнд би итгэдэг. Сайхан сэтгэлээр хүмүүст тусалж, хүнд үед дэргэд байсан хүмүүст гэгээ тусгахыг хүсдэг. Ядаж сэтгэлдээ төгс төгөлдөр зүйлтэй орших нь сайхан шүү дээ.
 
Ярилцсанд баярлалаа
П.Урнаа
 
 
 


Холбоотой мэдээлэл