Print | 2018-02-14


Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог Цагааны Цэгмид хэмээх агуу жүжигчнийг мэдэхгүй хүн Монголд үгүй. Түүний хоёр хүү аавынхаа мэргэжлийг өвлөн авч, кино урлагт өөрсдийн мөрөө үлдээж яваа авьяаслаг жүжигчид. Том хүү Ц.Төмөрбаатар нь өдгөө Төрийн соёрхолт жүжигчин хэмээн дуудуулж, ард түмэндээ хүндлэгдэж яваа эрхэм уран бүтээлч. Бага хүү Ц.Төмөрхуяг ч ахаасаа дутахгүй сайн уран бүтээлч хэмээн үнэлэгдэж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан юм.

Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Гавьяат жүжигчин цол хүртэж буй юм. Тэрбээр тайз, дэлгэцийн олон уран бүтээлээр үзэгчдийн хүндлэлийг хүлээж, ялангуяа эсрэг талын дүрийг чадмаг бүтээдгээрээ өнөө цагийн жүжигчдийг өнгөлдөг. Тэрбээр нийт 100 гаруй  кино, 40 орчим жүжигт дүр бүтээсэн байдаг аж. Ингээд түүний амьдрал уран бүтээлийн талаарх бүрэн зураглалыг хүргэж байна.



Атаман болох мөрөөдөлтэй балчир нас

Цэгмидийн Төмөрхуяг 1962 оны 9-р сарын 11-нд мэндэлжээ. Ааваасаа зургаахан сартайдаа өнчрөн хоцорсон тэрээр алтан үеийн жүжигчдийн өвөр дээр өссөн гэдэг. Бага насандаа хэрсүү, тэрслүү хүүхэд байв. Дуртай хүнтэйгээ зодолдох юмсан, атаман болох юмсан гэж мөрөөддөг байжээ. Эцэгггүй өссөн болохоор өөрийнхөөрөө эрх дураараа хэний ч заавар зөвөлгөөг сонсоод, хүний үгэнд ороод байх дургүй зантай нэгэн. 1980 онд УБДС-ийн Кино Драмын ангид элсэн орж, найруулагч Г.Доржсамбуу багшийн ангид хувиарлагдан суралцан 1984 онд төгсчээ. ДУАТ-т жүжигчнээр ажиллаж урлагийн гараагаа эхэлсэн түүхтэй. Харин Монголын ард түмэнд “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны  нялх Сэнгүмийн дүрээр танил болсон юм. Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зай байр суурийг эзлээгүй байх ахуйдаа Ц.Цэгмидийн бага хүү, Ц.Төмөрбаатарын дүү хэмээн овоглогддог, дуудуулдаг байжээ. Харин 1985-1990 он хүртэл театрын  тайзан дээр мундаг том орон зайг эзэлж байсан юм. Харин нэгэн цагт театрт хавчигдаж бас болоогүй аавынхаа сэтгэл шингэсэн Хүүхэд залуучуудын театрыг И.Нямгаваа найруулагчид алдахдаа гомдож, гутарсандаа их урлагаас хөндийрч байсан удаатай. Харин урлагт эргэн ирэхдээ аавынхаа нэрээр “Цагааны Цэгмид” студи байгуулж уран бүтээлээ дахин туурвиж хөл дээрээ боссон байна.



Гайгүй сайн жүжигчин хэмээн үнэлэгдэж эхэлсэн цагтаа нэг хэсэг архинд орж явсан удаатай. Хожим яагаад тэр олон жил архинд дурласан тухай сэтгүүлчийн асуултанд “Надаас өөр хүн байхгүй байна гэж онгирсных.  Хүмүүс "Чи мундаг шүү" гээд л архиар угжаад эхэлсэн. Гэхдээ сайхан сэтгэлтэй улс тэр дунд байсан.  Саар нь ч байсан. Хүний амьдрал янз бүр шүү дээ. Гэхдээ яахав,  өнгөрснөө ойлгож ухаарч аавынхаа, ахынхаа нэр хүндийг олох гээд л маш хурдан хугацаанд бүтээн байгуулалтын ажилд орсон” хэмээн хариулсан байдаг.
Харин үзэгч түмэн ах дүү хоёр жүжигчнийг ямагт харьцуулж харна, ах нь илүү, дүү нь илүү хэмээн ярьцгаана. Гэхдээ тэд хувь хувьдаа, өөр өөрсдийн замналаар урлагт зам мөрөө үлдээж яваа авьяас нь удамшсан хүмүүс. Харин түүнийгээ хэн хэрхэн өнгөлж эцгийнхээ нэрийг дархалсан жүжигчин болох вэ гэдэг, хөдөлмөр, хичээл зүтгэл, цаг хугацааны л асуудал билээ.



Энэ тухай Ц.Төмөрхуяг “Хийж байгаа уран бүтээл, тоглосон дүрээр нь хэн нь чансаатай хэн нь чансаагүй байна гэдгийг хүмүүс өөрсдийнхөө хэмжүүрээр дүгнэх байх л даа. Ахаасаа илүү байна уу, дутуу байна уу тэр нь надад чухал биш. Өнөөдөр Монголын урлагийн төлөө бид хоёр хоёулаа адилхан зүтгэж яваа хүмүүс. Эцгийнхээ төлөө, эцгийнхээ нэрийг цэвэр байлгахын төлөө зүтгэж яваа. Тэгэхээр бид хоёрын зорилго нэг. Гавьяа шагнал хүнд өөрөө л ирэх ёстой. Тэрийг гуйж, хахуульдаж  авах хэрэггүй. Өөрөө хүссэн мэргэжлээрээ ажлаа хийгээд л явж байвал болоо биз дээ. Гавьяат боллоо гээд хүнээс онцгой хүн болчихдог юм биш” хэмээн нэгэнтээ ярьсан байдаг юм.
Өөрийнх нь хэлсэнчлэн ёстой л гуйж аваагүй шагнал өөрийн нь энгэр дээр ийнхүү нөр их хөдөлмөр, авьяасынх нь билэгдэл болон гялалзлаа. Нэг гэр бүлд гурван том жүжигчин байна гэдэг ховорхон хувь заяа. Аргагүй л урлагийн гэр бүл мөнөөс мөн гэх тодотголын дор тэд үүрд нэгдэж буй нь энэ буй за.



37-той өвөө 
Зарим хүмүүс 37 насандаа аав болж байхад тэрээр энэ насандаа өвөө болж байжээ. Залуу насандаа гэр бүл зохиож байсан бөгөөд анхны эхнэр нь сагс тоглодог бүсгүй байв. Хоёр дахь эхнэр нь хуульч мэргэжилтэй. Тэд хоёр талаасаа хоёр, хоёр хүүхэдтэй нийлж амьдралаа босгож байсан гэдэг.



Гавъяа шагнал:
-1987 онд Соёлын яамнаас шилдэг эрэгтэй уран бүтээлчийн шагнал
-1988 онд Соёлын тэргүүний ажилтан цол
-2015 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
-2017 онд “Cinema Awards” Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах ёслолын “Шилдэг эрэгтэй туслах дүр” шагналын эзэн
-2018 онд МУГЖ 
Бэлтгэсэн:П.Юна 


Холбоотой мэдээлэл