Print | 2018-02-13

Шар зангиа, кепкен малгай, дипломат цүнх барьсан өвөрмөц донжтой энэ эрхэмийг Түвшин сэтгүүлч хэмээн сэтгүүл зүйн салбарынхан андахгүй танина. Хэвлэлийн мэдээнд хүрэлцэн ирсэн сэтгүүлч болгонтой уриалагхан мэндэлж,  учраа мэдэхгүй будилж яваа дадлагын оюутанд ч харамгүй сайхан тусалж харагддаг гэдгээс нь өөрөөр төдийлөн сайн мэддэггүй билээ. Ингээд түүнтэй ажил амьдралынх нь талаар цөөн хором хөөрөлдөснөө хүргэж байна. 



-Сэтгүүлчид таньтай мэнд мэдэх төдий болохоос сайн таньдаггүй шүү дээ. Өөрийгөө танилцуулаач. Хаана ямар ажил эрхэлдэг вэ?

-Сэтгүүл зүйн салбарт 40-өөд жил ажиллаж байна. Одоо нас 70 дөхөж явна. Одоо бол чөлөөт сэтгүүлч болчихоод хоёр телевиз ажиллуулж байна.  Нэг нь баримтат киноны телевиз л дээ. Түүнээс гадна бусад хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч мэдээ материал бэлдэж хамтарч ажилладаг. Сонин хэвлэл, сайтуудаар гаргаж чөлөөт сэтгүүлчийн ажлыг гүйцэтгэж байна.
Боловсролын салбар болон, нийгмийн эмзэг бүлгийг дэмжин ажиллахыг зорьдог. Миний хувьд дэлхийн найман академийг үндэслэн байгуулагчдийн нэг юм. Дэлхийн оюуны өмчийн академиар дамжуулан 5 баримтат кино хийсэн. Мөн миний хувьд эспиранто хэлний салбараар дагнаж олон жил ажиллаа. 20-иод жилийн өмнө МСНЭ-ийн дэргэд эспиранто хэлний клуб байгуулсан. Одоо хүртэл ажиллаж байна.
-Сэтгүүл зүйн салбар ажиллаад 40 гаруй жил болсон гэлээ. Ямар ямар байгууллагуудад ажиллаж байв. Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?
-Хэнтий аймгийн Өндөрхаан хотын “Урагшаа” сонинд 1968 оноос эхлээд анх ажлын гараагаа эхэлж байлаа. Тэнд байхдаа Р.Чойном яруу найрагчийг харж байсан юм байна. Уран зохиол, шүлэг яруу найраг сонирхож дугуйланд явахын хажуугаар сэтгүүлчийнхээ ажлыг хийнэ. Мөн “Зулуучуудын үнэн” “Хөдөлмөр” сонинд хүртэл ажиллаж байлаа.
-50  жилийн хугацаанд хийж бүтээсэн, хөдөлмөрлөсөн зүйл их л байгаа байх? Дурсамж дурдатгалаасаа ярьвал?
-Олон бий. Би Сэлэнгэ аймгийн уугуул хүн. Төрсөн нутгийнхаа Сант суманд Эспиранто хэлний хичээлийг багш нарт болон эгэл жирийн хүмүүст хүртэл заасан. Би уг нь Орос хэлний багш мэргэжилтэй. Орос, Эспиранто, Испани, Франц, Англи хэлтэй. Испани, Франц, Англи хэлийг бие дааж сурсан л даа. Хүүхэд байхдаа номны санд их суудаг байлаа. Номын санчаас нь гуйж байгаад хүртэл хонодог байсан. н.Сэрчмаа гэдэг номын санч эгчээс гуйхад, за за номонд дуртай хүүхэд юм байна гэж ойлгоод цоожилчихоод л яваад өгнө. Тэр үед номын сангийн “Тэргүүний уншигч” болж байлаа.
Хүүхдийн ордонд Эспиранто хэлний анхны багшаар ажиллаж байв. Утга уран зохиолын нийтлэл, сэтгүүл зүйн сэдвээр нийтлэл, байгаль орчны нийтлэл, эрүүл мэнд сонинд нийтлэл гээд л хийгээгүй ажил гэж байхгүй.  Мөн ээж маань их сайхан дуулдаг хүн байлаа. Авъяас нь өвлөгдсөн ч юм уу би 10-аад дууны шүлэг бичиж, ая зохиосон.



-Та зүгээр байж, харж суух дургүй зантай хүн юм. Сүүлийн үед хийж бүтээж байгаа ажлуудаасаа сонирхуулбал?
-Ажил төрлөө алдсан, аж ахуй нэгж нь дампуурах дөхсөн,  компани нь дампуурсан, хувийн эмнэлэг нь хаагдсан гээд л ядарсан зүдэрсэн хүмүүст туслах ажил ихэвчлэн хийж байна. Мөн дэлхий оюуны өмчийн академийн нэг жилийн ой тохиож байна. Ахмадууд цуглаж, чуулга уулзалт хийх юм.
-Тэр хүмүүст яг ямар арга замаар тусладаг юм бэ?
-Би дэлхийн оюуны өмчийн академийн “Хөдөлмөрийн баатар” цол, Академич, Ардын багш гэсэн цол, алдар нэр, гуншингаараа далайлган энд тэнд явж туслах хүмүүстэй уулзаж байж ажил бүтээдэг. Тэгэхүй бол хэний ч танихгүй ямар ч цол зэрэггүй хүний үгийг хэн тоох вэ дээ. Дэлхийн академиас явж байнаа гээд хэлэхээр арай өөрөөр хүлээж авдаг.
-Дэлхийн оюуны өмчийн академийн “Хөдөлмөрийн баатар” гэдэг цолыг хүртсэн. Цолны болзолыг хэрхэн хангасан бэ?
-Миний бие Монгол хүний эрүүл мэнд, боловсрол, хүний эрх, эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудтай хамтран 36 жилийн өмнөөс “Нар” төвийг байгуулан ажиллаж байгаа ба хүнийг хөгжүүлэх чиглэлээр 8 академи байгуулсан. Эдгээр байгууллагуудын гол зорилго нь хүнийг хөгжүүлэх явдал юм. Нийгмийн эмзэг бүлэг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өрх гэрийн болон эмийн сан, номын санг баяжуулах, хүүхдийн авьяас чадварыг дэмжин тэднийг сургалтанд хамруулах, сургалтын төлбөрийг нь төлөх зэргээр тэдэнд тусладаг. 



-Та олон олон ажлыг зэрэг хийж ажилладаг юм байна. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг вэ?
-Өөрийгөө хөгжүүлдэг бие даасан үзэл маань намайг амжилттай ажиллахад нөлөөлдөг. Хэцүү гэхээсээ илүү би энэ бүхнээсээ таашаал авдаг. Хүн өөрөөрөө бахархах хэрэгтэй.
-Таны сурч төгссөн үндсэн мэргэжил тань юу вэ?
-МУИС-ийн оройн ангийг хэл соёлын чиглэлээр төгссөн. Сэтгүүлч гэх мэргэжлийг курсээр эзэмшсэн. Сэтгүүлч мэргэжлийг заавал суралцаж эзэмшээд байх шаардлагагүй. Хэл соёлоо сайн сурсан байхад тэгээд бичгийн авьяастай бол хангалттай гэдэг ш дээ. Гэтэл одоо сэтгүүл зүй тэр чигээрээ бизнес болон цэцэглэчихлээ. Их ойлгомжгүй ч болчиохож.
-Сэтгүүл зүй гэдэг энэ хүнд салбарт одоо хүсэл сонирхолоороо ажиллахгүй бол хөдөлмөрөө үнэлүүлэхэд их хэцүү болчихсон? Таны хувьд хөдөмөрөө хэрхэн үнэлүүлж ажиллаж байна? 
-Хөдөлмөрөө үнэлүүлж “Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” зэрэг шагнал хүртсэн.
-Хэдүүлээ амьдардаг вэ? Амьдрал хэр байна, сэтгүүлчийн цалин маш бага болохоор ингэж асууж байна л даа?
-За хувийн амьдралаа  шууд ярихад хэцүү юм. Төв аймагт гэр маань байдаг. Саяхан төрөөс нүүрс түлээний хангамж авсан. Одоо Төв аймаг, Налайх хоёрын хооронд их явдаг даа. Манай хөгшин гуравдугаар эмнэлэгт бага эмч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Нэг охин, нэг хүүтэй. Саяхан тэр хоёрыгоо уулзуулсан. Би амьд байгаа дээрээ уулзуулахгүй бол болохгүй шүү дээ.
-Ганцаараа тэтгэвэрийн хэдэн төгрөгөөрөө амьдралаа залгуулж байна уу?
-Тийм ээ. Тэтгэвэрийн мөнгөнөөс өөр орлого байхгүй. Өөрийгөө болгоод л явж байна.
-Та насаараа зүтгэж хөлс хөдөлмөрөө урсгаж байж олж авсан ая зохиогч, сэтгүүлч, ардын багш, академич, зөн билэгтэн гээд олон гуншинтай юм билээ. Та алинаар нь дуудуулах, аль нэрэндээ илүү дуртай вэ?
-Ардын багш, сэтгүүлч гэх нэрэндээ хайртай. Хүмүүс ихэвчлэн сэтгүүлч гэдгээр минь таниад байдаг юм. Би аливаа юманд оролцоо сайтай хүн л дээ. Оролцож байж иргэнээ өмөөрнө. Төр чанга бай, гэхдээ ядуу эмзэг бүлгийн хүмүүстээ зөөлөн бай гэдэг үг байдаг ш дээ.



-Зөн билэгтэн гэсэн шүү дээ. Сайн дураараа хүмүүсийг үзэж хардаг уу, мөнгө төгрөг авдаг уу?
-Сайн дураараа мөнгө төгрөг авалгүй үзэж хараад мэргэлчихдэг. Анх ааваасаа хөзрийн мэргийг нь нэг хараад л сурч байсан. 1985 оноос үзэж харж эхэлсэн. 180 хүнийг архинд донтох өвчнөөс гаргасан. Эргээд архинд орсон гэсэн сураг дуулаагүй ээ. Хүмүүс голдуу хувийн амьдрал, эд хөрөнгө гэр бүл асууж ирдэг. Зарим нь гэр бүл салгаад өг гэж ирдэг. Тэгж болохгүй шүү дээ. Тэр хүмүүст би хариу өгдөггүй.
-Таны амьдралдаа баримталдаг гол зарчим юу вэ?
-Хүн муулах маш дургүй. Магтуулж явснаас матуулж явсан нь дээр гэж үг байдаг ш дээ.  Харин хэн нэгэн хүн чамайг муу хэлж байвал зүгээр л дуугүй хаячих хэрэгтэй. Ийм л зарчим баримталдаг. Би нумын ордонд төрсөнөө их бэлгэшээдэг. Нум чинь дээшээ тэнгэр лүү сумаа шагайж харвадаг. Зорилго мөрөөдөл чинь тээр дээр өндөрт байгаа гэсэн үг.
-Таны хамгийн тод араншин?
-Яриасаг. Маш их ярьдаг хүн л дээ. Ой ухаан сайтай болохоор ярьж байгаагаа засаад л яриад байдаг.
-Ингэхэд залуудаа ямар хүн явав?
-Бидний залуу нас нийгмийн ороо бусгаа хэцүү цаг үед өнгөрсөн. Ажил хийвэл цалин бага, бараа таваар ховор хүндхэн үе байлаа. Орос хэлний багшаар ажиллаж байхдаа маш бага цалин авдаг байсан. Тэгээд хүүхдүүдийг хариуцаад лагер явна. Тэр үед хүүхдүүд маш сахилгагүй. Зарим нь усанд унаж үхчих гээд л маш хэцүү байсан. Тэгээд сүүлдээ залхаад болъё гээд л хот оръё гэж хүртэл шийдэж байлаа. 
Хүн ямар хэм хэмжээнд байх ёстой гэж та боддог вэ? Ёс суртахуунтай, эсвэл боловсролтой байх ёстой юу?
-Б.Ринчен багшаас нэг шавь нь ингэж асууж л дээ. Багшаа хүн чанар гэдгийг Оросоос Монголоор юу гэж орчуулдаг юм бэ гэж л дээ. Гэтэл Б.Ринчен багш “Оросоор уг нь соуст гэдэг юм. Гэхдээ одоо Монголд хүн чанар байх биш дээ” гэж хариулсан гэдэг. \инээв.сурв\ Үүн шиг хүн чанар гэдэг зүйлийг сайн бодох ёстой. Хүн гэдэг чинь хорвоод уйлж ирээд уйлаад л буцна. Энэ хооронд чадах чинээгээрээ хүмүүст тус хүргэх хэрэгтэй. Мэдэхгүй чадахгүй юмаа хэн нэгнээс асууж зөвөлгөө авах хэрэгтэй. Одоогийн залуус хүнээс юм асуухаа мэддэггүй болчихсон байна. Бор багшийн хэлдэгээр нэрэлхүү гөлгөр, асуудаггүй гөлгөр, биеэ тоосон гөлгөр, аймхай гөлгөр гээд л цаашаа 64 гөлгөр үргэлжилдэг шүү дээ.



За тэгээд ер нь суут хүмүүсийн өнгөрсөн, нас барсан хэзээ хойно нь хүмүүс мэдэх юм даа.     
-Энэ нийгмийн юунд хамгийн шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Ахмад үеийнхнийгээ, ялангуяа эрдэмтэдээ огт сонсохоо байчихсан. Их хурлын гишүүд сайд нар дандаа ашиг бодож дандаа өөрт хэрэгтэй хүмүүстэйгээ уулзана. Эсвэл зөвхөн өөрийнхөө тойрог гээд л ярина. Би ийм ийм нэр хүндтэй цолтой хүн байна гэхээс нааш хүлээж авдаггүй. Гэтэл Японд эрдэмтэдийнхээ үгийг маш сайн сонсож хүлээж авдаг. Манай ахмадууд гэр оронгүй зовж зүдэрч байна. Туулын бургас, айлын хөлдүү амбаарт хонож байна.Гэр орон байраа зараа хүмүүст тусладаг хөгшчүүл ч байна. 
-Сайн үйлсийн аянд болон жагсаал цуглаанд та идэвхитэй оролцдог. Хүмүүсийн саналаар уу, сайн дураараа оролцдог уу?
-Дэлхийн оюуны өмчийн академи, шинжлэх ухааны хүрээлэн гэсэн нэрнүүдийн дор явдаг л даа. Зүгээр нэг хувь хүн очвол хэзээ ч хүлээж авахгүй гэж би түрүүн бас хэллээ.
Таны шавь нараас мөн "Хөдөлмөрийн баатар"-ууд төрсөн гэсэн. Энэ талаараа ярихгүй юу?
Тийм. Дэлхийн Оюуны өмчин академийн "Хөдөлмөрийн Баатар"-ууд 2017 оны 12 сард шагналаа хүртсэн. Тухайлбал, Налайх дүүрэгт амьдардаг Ц.Баярсайхан, орчуулаг Б.Түвшинцэцэг, Циркийн нэрт алиалагч н.Цээгий агсны шавь н.Магсаржав, Хүүхэлдэйн театрын ахмад уран бүтээлч зураач С.Балданпүрэв, Гавъяат нийгмийн ажилтан дэд профессор Ж.Инжбулган нарын хүмүүс Дэлхийн оюуны академийн "Хөдөлмөрийн баатар" цол тэмдэгээр энгэрээ мялаасан. Дэлхийн оюуны өмчийн академи болон бусад академуудтай олон жил хамтран ажиллаж байгаа мундаг хүмүүс юм.  


-Таныг нэг баримтат кинонд тоглосон гэдэг юм билээ. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Баримтат кино гэхээсээ илүү нэвтрүүлэг юм уу даа. Эспиранто хэлний 130 жилийн ойд зориулсан. Өнгөрсөн 12-р сарын 30-нд Хэнтий аймагт ахмадуудаа хүлээж аваад телевизээр энэхүү нэвтрүүлгийг цацаж үзүүлсэн л дээ.
-Та түрүүнээс хойш эспиранто хэл гэж олон удаа ярилаа. Энэ хэлний тухай ярихгүй юу?
-Эспиранто хэл гэдэг чинь Латин, англи хэлийг сэргээсэн хэл. Анх еврей хүн зохиосон гэдэг. Одоо Казакстан улс эспиранто, Латин хэл рүү ороод эхэлчихлээ. Залуучууд эспиранто хэлийг сурсанаар урт насална, удаан жаргана. Дэлхий дээр 400 сая хүн энэ хэлээр ярьдаг. Одоо Азид дэлгэрч эхэлж байна. Европд гайгүй сайн хэрэглэдэг юм билээ.

 
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа
Б.Тэргэл
 

 
 
 
 
 
 
 


Холбоотой мэдээлэл