Print | 2018-02-12
-Утга зохиол судлаач шүүмжлэгч гэх ховорхон мэргэжил сонгож мэргэжилдээ чин үнэнчээр дурласан энэ залууг Х.Чойдогжамц гэдэг. Ном уншихгүй удахаараа уурлаж бухимдаж өөртөө гомддог хэмээн ярих тэрээр үеийнхээ залуусаас хол илүү сэтгэж, Монголын их утга зохиолын шүүмж судлалын баганыг түшилцэхээр зориг шулуудсан нэгэн юм.
Тэрээр  МУИС-ийн МХСС-ийг Утга зохиол судлаач шүүмжлэгч мэргэжлээр  2014 онд төгссөн. 2016 онд сургуульдаа утга зохиол судлалаар “Магистр”-ын зэрэг хамгаалсан. 2015 оноос хойш СУИС-ийн Теарт урлагийн сургуулийн Урлаг судлалын тэнхимд багшаар ажиллаж байгаа. Ингээд түүний үзэл бодол, дотоод ертөнцийн нэгээхэн хэсэгтэй танилцсанаа хүргэж байна.



-Утга зохиол судлаач шүүмжлэгч гэх энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Цэвэр өөрийн чинь сонирхол байв уу, аав ээжийн чинь оролцоо байв уу?
-Багаасаа уран зохиол, монгол хэлний хичээлдээ дуртай байсан. Ном зохиол, сонин, сэтгүүл их уншдаг хүүхэд байлаа. Шүлэг, зохиол бичдэг байсан болохоор тэр сонирхол минь намайг хөтөлсөн. Хүмүүсийн нөлөөлөл байсан ч хамгийн гол нь хүсэл сонирхлоо гээхгүй юм шүү гэж өөртөө бат итгэсэн учраас сонгосон, шулуудсан. Одоо энэ мэргэжлийнхээ төлөө үнэнч, тууштай байж, амьдралынхаа нэг хэсэг болгочихоод зүтгэж байна.
-Утга уран зохиолын судлаач шүүмжлэгч хүний мэдлэг, мэдрэмж хоёр нь өндөр байх ёстой. Тийм болохоор МУИС-ийн утга зохиолын ангид 20 хүүхэд элсэж ороод нэг нь л судлаач, шүүмжлэгч гэх мэргэжлээрээ ажиллаж байгаа харагддаг. Чухам 20 хүүхэд хориулаа энэ мэргэжлээр яагаад ажилладаггүй вэ? Үүнд юу дутагдалтай байдаг юм бол? Эсвэл нөгөө мэдлэг, мэдрэмж хоёрын нэг нь дутдаг уу?
-Мэргэжилдээ дуртай байх, тууштай байх гэдэг чанар хамгийн чухал гэж боддог. 20 хүүхэд яагаад бүгд судлаач шүүмжлэгч болчихдоггүй вэ гэхээр хамгийн түрүүнд өөрийн чинь хэлдгээр мэдлэг, мэдрэмж хоёрт асуудал бий. Гэхдээ хичээл зүтгэл, хөдөлмөрлөж байгаа байдлаас бас болно. Анх нэгдүгээр курст ороод үеийнхнээсээ маш их хоцорсноо мэдэрсэн. Манай ангийхан, үеийнхэн надаас илүү уншчихсан, олон зохиолчийг мэддэг болчихсон байсан. Гэтэл би юу уншчихсан, юу мэдчихсэн өдий хүртэл явав аа гээд л өөртөө чамлалттай хандлаа. Тэгээд хичээлийнхээ хажуугаар өдөр шөнөгүй уншсан. Манай мэргэжил их хатуу шүү дээ. Унш. Сайныг унш. Дуустал нь маш сайн унш. Уншаад ойлго. Ойлгосноо мэдрэхийг шаарддаг. Мэдэрч чадахгүй бол чи тэгээд л орхигдоно.
-Монголын утга зохиол судлал, шүүмжийн салбар унтаа, зогсонги байдалд байна гэж яригддаг шүү дээ. Энэ тал дээр залуу судлаачийн хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Бичих гэж зорьж байгаа, бичихээр суралцаж байгаа хүмүүсийн цуваа тасралтгүй л үргэлжилж байгаа шүү дээ. Зөвхөн өөрсдийнхөө хүрээнд биш бүр өргөн хэмжээг хамарч ярихын тулд судлаачид илүү мэргэших ёстой юм шиг байгаа юм. Юм хийхгүй байна гэж хэлж байгаа юм биш. Ялангуяа залуучууд эх орондоо эх хэлээрээ уншиж, бичих нь бичээд л байдаг. Гэтэл хүмүүсийн хүсээд байгаа зүйл нь юмыг алсаар харж, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлж, өргөн цар хүрээтэй судалгаа шинжилгээний ажил, том том суурьтай бүтээл, буурьтай үгийг шаардаад байгаа юм. Тиймээс залуучууд бид улам илүү боловсрох ёстой байх.
Нөгөөр талаар сайн зохиол, сайн зохиолч, сайн шүүмж гурав заавал ихэрлэж таардаг гэж би ойлгодог. Тэгж байж нэгэн цогц бүтээл болдог. Судалгаа гардаг.



-Зарим хүмүүс Монголд сайн зохиол гарын арван хуруунд багтахаар цөөхөн гэж ярьдаг юм билээ. Үүнтэй хэр санал нийлэх вэ?
-Санал нийлэхгүй. Энэ мэр сэр хүмүүсийн яриа, үзэл хандлага байх. Ямар өнцөгөөс яаж харж ярихаас шалтгаалж түүхээ гуйвуулж, янз бүрийн нэр хоч өгөх шаардлага гарч байх шиг байна. Монголын утга зохиолоос жишээлбэл, эртний уран зохиолыг аваад үзэхэд л хэчнээн гайхамшигтай үндэсний туурвилууд байдаг билээ. Орчин үеийн уран зохиолыг бас аваад үз л дээ. Бид эртний байтугай ХХ зууныхаа сайн зохиолчдын сайн бүтээлийг өдийг хүртэл бүрэн нээж чадаагүй яваа.
Саяхан би доктор Д.Цэдэв гуайтай ярилцаж суухад Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийн өгүүлэмжтэй яг төстэй Америкийн зохиолч Эдгар Погийн нэгэн найраглал байдаг тухай сонслоо. Миний хувьд Ф.Кафкагийн “Замд гарахуй” өгүүллэгтэй “Харанхуй хад” өгүүллэгийн өгүүлэмж, уур амьсгал нь их төстэй гэх талаас нь нэг өгүүлэл бичсэн юм л даа.
Энэ мэтчилэн манай монголын зохиолчдын бүтээл туурвил нээгдэж судлагдах түвшинд хүлээгдэж байгаа гэж ойлгож байна. Дэлхийн хэмжээний чансаатай сайн гэж үнэлэгддэг зохиолуудын хэр хэмжээнд аваачиж судлах, бүрэн дүүрэн утгаараа нийцдэггүй юм аа гэхэд тодорхой нэгэн санаа, сэдэл, зохиомжоороо тэр түвшинд хүрч очсон зохиолын туршилтууд манайд олон бий. Түүнийг шинээр эргэн харах, шинэ арга зүйгээр судлах шаардлага тулгараад байгаа юм.



-Судлал шүүмжийн хоёр ном, судлаачидтай хамтраад хэд хэдэн ном гаргаж байсан. Номнуудынхаа талаар ярихгүй юу?
-Оюутан ахуйдаа 2013 онд дан уран зохиолын судлал шүүмжийн “Тайлахуйн чинад” номоо гаргаж байсан. Яруу найраг, үргэлжилсэн үгийн бүтээлүүд дээр ихэвчлэн задлал шинжлэл хийсэн бүтээлүүд багтсан. Эргээд харахад сайнтай муутай олон нь зүйл харагддаг. Харин их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байхдаа 2015 онд “Гүн хэлмэр” номоо гаргасан. Үүнд зөвхөн уран зохиолын биш урлагийн гэж хэлж болохоор шүүмж судлалын өгүүллүүд багтсан юм. Жүжиг, кино, уран зохиол, дотроо үргэлжилсэн үгийн зохиол, яруу найргийн бүтээлүүд гээд ангилчихсан бүлгүүдтэй ном.
Театр киноны нэрт зүтгэлтэн Л.Ванган гуайн амьдрал уран бүтээлийн тухай “Хүний мөр” гэдэг номыг Л.Дэмидбаатар жүжигчин, Я.Баяраа судлаач нартай хамтарч бичсэн. “Уран зохиолын тухай яриа-2” номыг С.Энхбаяр, Д.Галбаатар, Г.Батсуурь зэрэг шүүмжлэгчдийн хамт сүүлийн үед бичсэн шүүмжүүдээ багтааж анталоги гаргалаа. Харин СУИС-д ажиллаж байгаа болохоор театрын урлагийн судлал шүүмж рүү гүнзгий орж байна. Үүнтэй холбоотойгоор зургаан хүний хамт “Театрын шинжлэл” нэртэй шүүмжийн анталоги мөн хэвлүүлсэн. Манай сургуулиас “Театрын шүүмжийн улсын уралдаан”-ыг гурван жил зарлалаа. Уралдаан эхний гурван байрыг эзэлсэн хүмүүсийн шүүмжийг эмхэтгэж гарын авалга гаргасан нь энэ.



-Утга зохиол, уран зохиол хоёрын зааг ялгаа? Эгэл жирийн уншигчид нэг л зүйл мэтээр ойлгодог юм шиг ажиглагдсан үүднээс ингэж асуумаар санагдлаа?
-Ялгаа гэхээсээ илүү нэг нь нөгөөгөө агуулж байна гэж би ойлгодог шүү дээ. Бичгээр үйлдэгдэж тэмдэглэгдсэн нийт бүтээлийг утга зохиолд хамруулдаг. Үүнд соёл, урлаг, гүн ухаан гээд бүх л салбар багтана. Харин уран зохиол гэдэг ганц салбар ухаанд зөвхөн зохиол бүтээлийн чанартай зүйлс багтаж утга зохиолдоо харъяалагддаг. Гэхдээ орчин цагийн урлагийн бүтээлүүдэд ингэж зааглан хандах боломжгүй юм л даа.
-МУИС-ийг төгсөөд СУИС-д багшлаад гурван жил болсон байна. Энэ хугацаанд багш гэж хэн юм бэ? Ямар байх ёстой вэ гэдгийг хэрхэн ухварлав?
-Их хүнд асуулт байна. \инээв\ Би оюутны ширээнээс шууд багшийн ширээ гэх том алба руу яваад орчихсон. Багш хүн гэж хүнд юм өгөхийн хажуугаар өөрөө сурч боловсрохын нэр юм уу даа. Яагаад гэвэл лекц, семинар бэлдэж байхдаа, оюутнуудтай харилцаж байхдаа тэднээс буцаагаад маш их зүйлийг авдаг. Хорин оюутанд нэг л зохиол өгөөд явуулахад тэд хорин өөр янзаар тайлаад ирдэг. Ярилцаад суухад өөр өөр санаа, олон янзын өнцөгүүд гаргаж ирэх жишээтэй. Ингээд бие биенийгээ тасралтгүй хөгжүүлж өгдөг. Нэг үгээр бол багш гэдэг бол мэргэжлийнх нь жинхэн их сургууль юм байна гэж ойлгосон.



-Таны ажлаа хийх гол арга барил чинь юу вэ?
-Жүжиг, кино зохиолын түүх, орчин үеийн уран зохиолын түүх, сэтгүүл зүйн түүх гэсэн онол түүхийн мэргэжлийн хичээлүүд уншдаг, заадаг. Зөвхөн онол уншиж, тайлбарлаж өгөхөөс илүүтэй дадлага ажил өөрсдөөр нь хийлгэх, сайн яриулах чадварыг нь хөгжүүлэхийг эрмэлзэж ажилладаг. Театр, киноны шүүмж бичих арга зүйг эзэмшүүлэхийн тулд түлхүү кино, жүжиг үзүүлдэг. Мөн зохиол бүтээл их уншуулах, харьцуулж яриулах тал дээр анхаардаг даа. Аль болох үндэсний урлаг, үндэсний уран зохиол гэдэг зүйлийн мэдрэхүй, мөн чанарыг таниулж ойлгуулахыг хүсч байдаг.
-Судалгааны ажлаа ихэвчлэн ямар цагаар бичдэг вэ?
-Оройн цагаар л бичдэг. Бүх зүйл аниргүй, саад болох нэг ч чимээ байхгүй орчинг өөртөө бүрдүүлж байгаад л, бүүр их оройн цагаар шүү. Заримдаа унтахгүй шөнөжингөө суух үе ч байдаг. Оюутан байхдаа өглөө эрт босоод биччихдэг байсан чинь, одоо заримдаа нойроо дийлдэггүй болчихож(инээв). Хамгийн түрүүнд бичвэрийн сонирхолтой нэр ороод ирдэг. Тэр нэр оновчтой байх юм бол цаашаа бичих гэж уддаггүй. Урсаад л гарчихдаг дадал байдаг.
-“Масс”-ын гээд “адлагдаад” байгаа эмэгтэй зохиолчдыг юу гэж боддог вэ?
-Нэгдүгээрт би тэднийг төдийлөн уншдаггүй. Судлаач хүний хувьд уншаагүй байгаадаа уучлал эрмээр байна гэж ч хэлэхгүй. Унших боломж төдийлөн гарахгүй юм. Сүүлд гарсан номнуудыг нь уншаагүй ч түрүүнд гарсан хэдэн номыг харсан. Хатуухан л үг хэлэх гээд байна. Жишээлбэл, “Ану хатан” ном гарах үеэр хүмүүс их л ярьж хэлэлцэж байсан. Тэгэхээр нь сонирхоод хэдхэн хуудас эргүүлээд харахад найруулга гэж авах юмгүй. Байсан байна ч билүү, байгаа нь байна ч бил үү нэг тиймэрхүү юм байсан. Тэгээд л надад унших хүсэл төрөөгүй. Редактор, зохиолч хоёр яаж ажиллаж, юу бичиж, яаж хандаж байгаа юм бэ?
Харин сүүлийн үеийн зохиолууд нь ямар болсныг мэдэхгүй юм. Уншсаныхаа дараа юм ярьж болох л байх. Харин одоо тийшээ хандаж үг хэлье гэсэн судалгааны зорилго алга. Судлаач хүний үүрэг гэж зарим нь хэлж магадгүй. Гэхдээ шүүмж судлалын нэг үүрэг нь сайн бүтээлийн талаар л дуугарах ёстой. Г.Батсуурь багшийн шүүмжид хүмүүс янз бүрийн бодолтой байгаа юм шиг байна лээ. Бүр тэсэхээ байгаад хэлж байна гэж би ойлгож байгаа. Түүнээс биш хийх ёстойдоо ч юм уу хийх ажил, муулах юм олдохгүй байгаадаа дайраагүй байх гэж бодож байгаа.



-“Эм” гэх тодотголтой хүйс рүү нь дайрч “жендер” бичсэндээ буруутлаа гэж ойлгож байгаа шүү?
-Хувь судлаачийн онцлог нөлөөлж хэтэрсэн тал байх шиг байгаа юм. Зохиолыг нь баримт нотолгоотойгоор үнэхээр сайн үнэлж дүгнээд шүүмжилж л дээ. Гол нь шүүмжлэгчийн эмоциор хувь зохиолч руу хандсандаа буруудчихсан. Уран бүтээлч, зохиолчдод сэтгэл хөлдөл гэж байдаг шиг, шүүжмлэгч хүнд ч бас сэтгэл хөдлөл гэж байна шүү дээ. Тиймээс шүүмж гэдэг уран бүтээл л гэсэн үг. Уран бүтээл бичиж байх явцдаа зохиолч шиг эмоциороо, уран бүтээлчийн араншингаар л хандаад биччихсэн л байхгүй юу. Зөвхөн яруу найрагч, зохиолч хүмүүс араншингаараа бичдэг гэсэн үг биш. Судлаач хүмүүст ч гэсэн онгод, араншин бий.  Тэр нь өөрт нь жаал хэтрээд байдаг тал байгаа юм шиг билээ.
-Тэр эмэгтэйчүүд одоо бичихгүй байх ёстой гэсэн үг үү? Яах ёстой юм бэ?
-Бичихгүй байх нь ч хаашаа юм. Би эмэгтэй гээд бичихгүй байх нь утгагүй биз дээ. Улам сайн бичих, өөрийгөө сайн боловсруулах зэргээр шүүмжийн өөдөөс дахин хариу барих л хэрэгтэй. Тэрнээс биш шүүмжлэгчийн буруу гээд адраад байх биш.
-Адрах адрахдаа хуулиар зохицуулахаар шийдсэн биз дээ?
-Нэгдүгээрт үнэхээр ёс суртахуунгүй санагдсан. Хоёрдугаарт мэргэжлийнхээ онцлогийг ойлгоогүй юм шиг санагдсан. Ер нь энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд их зохисгүй гэж үнэлж байна. Тэр шүүмжид тодорхой хэмжээний алдаа дутагдал байгааг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ чинь уран сайхны шүүмж гэдгийг зохиолчид ойлгох хэрэгтэй. Уран сайхнаар дамжуулж янз бүрийн илэрхийллийн хэв маягуудаар далд, дам утгуудаар хэлсэн зүйлүүд байгаа. Шүүмж гэдэг чинь угаасаа уран, эмоцитой, уншууртай, тодорхой донж төрхтэй байх ёстой. Тэгж байж уран сайхны шүүмж гэсэн уран бүтээл болдог. Харин энгийн нэгэн сэтгэгдэл, тайлал тайлбар шиг зүйлийг хэн ч уншихгүй бас мэргэжлийн гэж үзэхгүй.


-Зарим нэгэнд нь доромжлол гэж харагдаж байгаа юм билээ л дээ?
-Доромжлол гэж харах нэг нь харж болно. Гэхдээ сая би хэллээ. Яг шүүмжлэх ёстой юм аа олж хэлж шүүмжилж чадсан. Сайн мууг нь маш сайн ялгасан. Маргаангүй сайн шүүмж. Харин шүүмжлэгчийн өөрийнх нь өнгө аяс орж ирээд ёгтлол, егөөдлийн үг хэллэгээ хурцаар илэрхийлчихсэн чинь тэр нь хувь хүмүүст шууд ойлгогдсон. Цаагуураа зохиол чинь дэгэн догонтой байна шүү гэсэн санаа. Гэтэл зохиолч өөр дээрээ тусгаж аваад намайг тахир дутуу гээд хэлчихлээ гээд байх шиг байгаа юм. Энэ бол доромжлол ерөөсөө биш.
-За, энэ сэдвийг ингээд орхисон нь дээр байх. Шинэ залуу зохиолчид хэр их гарч ирж байна?  
-Хүүрнэл, үргэжилсэн үгийн зохиол бичиж байгаа залуус маш бага байна. Яг энэ үеийн залуучуудаас гэвэл О.Элбэгтөгсийн гаргасан өгүүллэг, яруу найргийн түүврүүдийг онцгойлж нэрлэмээр байна. Мөн Б.Алтанхуяг “Шувуудын гүн ухаан”, “Мууран байшингуудын түүх” гээд сонирхолтой өгүүллэг, яруу найргийн номууд гаргасан. Өвөрмонголд мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа Мө.Батбаярын яруу найраг, Х.Нямхишигийн яруу найраг, эссений ном, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа Д.Сосорбарамын яруу найраг, өгүүллэгүүд  гээд л нэрлээд байвал олон залуучууд байна шүү.
Ялангуяа яруу найргийг манай залуу үеийнхэн сайн бичиж байна. Өөр өөрсдийнхөө ертөнцийг илэрхийлж, өөрийн гэсэн өнгө төрхтэй бичиж байгаа. Харин хүүрнэл зохиол бичиж байгаа залуучууд мэр сэр гарч ирж байгаад баяртай байна. С.Баатарцогт өгүүллэг, жүжгийн түүвэр гаргасан. Жүжгийн түүвэр гаргана гэдэг сайн оролдлого, сайн туршиц.
Мөн ном бүтээл хэвлэн нийтэлдэг хэвлэлийн редакциуд их гарч байгаа нь сайшаалтай. Уншигчдынхаа уран сайхны сэтгэлгээ, боловсролд маш том оюуны хөрөнгө оруулалт болж байна. Жишээлбэл, “Тагтаа” хэвлэлийн газрыг уран зохиолын хүрээнийхэн бүгд мэддэг болсон доо. Тэд дэлхийн сонгодог, сайн гэсэн уран бүтээлүүдийг шинэ соргогоор мэдэрч цаг алдалгүй уншигчдад орчуулан хүргэж байна. Зөвхөн орчуулаад зогсохгүй маркетинг, менежмент, бүх л тал дээр сайн ажиллаж залуучуудыг байлдан дагуулж чадаж байна. Орчин үеийн соёл урлагийн салбарт гарч байгаа хамгийн гэгээтэй цонх яах аргагүй мөн. 
МУИС-ийн “Монгол судлалын хүрээлэн”-гээс Профессор, эрдэмтэдийн өв гээд сайхан цуврал эхлүүлсэн. Монголын соёл урлаг, хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн зохиолчдын бүтээлийг цогцоор нь эмхэтгэн гаргаж байна. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Чоймаа, Д.Төмөртогоо, Ж.Бадраа зэрэг хүмүүсийн бүтээлийг гаргасан. Энэ бол үнэхээр өгөөжтэй оюуны хөрөнгө оруулалт юм. За тэгээд О.Содномпил, Ганболд тэргүүтэй хүмүүс “Утга зохиол судлал шинжлэл” редакцийн арван хэдэн цувралыг нэрлэхгүй байхын аргагүй. 



-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Хичээлийн их, багаас шалтгаалаад янз бүр. Уншина, уншсанаа бэлдэнэ, бэлдэснээ ярина. Энэ салбарт ажиллаж байгаа ямар ч багшийн амьдрал ингэж л өрнөдөг байх. Ерөөсөө л номноос номын хооронд өрнөж байдаг амьдралтай хүмүүс юм уу даа. Ном руу, хийсвэр ертөнц рүү нэг ороод л, эсвэл хүмүүстэй уулзаад бодит ертөнц рүү нэг ороод л. \инээв.сурв\
-Хамгийн сайн зөвлөгч, туслагч чинь хэн бэ?
-Хамгийн түрүүнд мэдээж гэр бүл минь байдаг. Тэгээд ажлын хамт олон, оюутнууд маань юм даа. Хичээлийн цагаар оюутнуудтайгаа хичээлийн тухай, урлагийн тухай амттай яриа өрнүүлж тэндээсээ кайф авдаг. Мөн гэрэл гэгээтэй мэдээлэл түгээж мэргэжилд нь дурлуулчих юмсан гэсэн бодолтой явдаг. Оюутнуудын маань сайн муу байгаа байдал нь надад зөвлөгөө өгч байна гэсэн үг. Нэг талаар надад үнэлгээ болдог.
-Цаашид хийхээр төлөвлөсөн хамгийн том зүйл юу вэ?
-За, нэг номны төлөвлөгөө байгаа. Сүүлийн үед би нэг эссе шүүмж гэж хэлэх үү? утга зохиолын задлан шинжилгээний эссе зохиол гэж хэлэх үү? нэг тийм сонирхолтой хэлбэр барьж авчихаад байна. Би сүүлд “Тсиниканы зүүд” гэж шүүмж бичсэн юм. Уншихаар зохиол шиг үйл явдалтай уншигддаг, тэгсэн мөртлөө дотор нь дурдагдаж байгаа баримт үйл явдал нь зохиолуудын эшлэлүүд, шүүмжийн баримт гаргалгаанууд. Нэг зохиолыг барьж авлаа гэхэд түүнийг тайлбарлахын тулд өөр олон зохиолуудыг иш татдаг. Тэр иш татаж байгаа зүйлүүд нь хоорондоо зохиолын үйл явдал шиг сүлжилдэж байдаг. Нэг харахаар зохиол, дахиад харахаар зохиолын тайлбар ч юм шиг. Ийм шүүмжийн хэлбэрийг туршиж үзээд байна.  Яг энэ эссе шүүмжийн төрлөөр нэг түүвэр ирэх намраас гаргая гэж бодож байгаа.

-Амьдралын гол зорилго, мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?
-Уран зохиолын ертөнцтэй миний амьдралын зам мөр салшгүй нийлчихсэн. Энэ мэргэжилдээ маш сайн эзэн болох юмсан гэж хичээж явна. Гайгүй сайн судлаач болж ирчихээд Монголдоо судалгаа шинжилгээний олон сайхан бүтээл үлдээх юмсан. Монголынхоо олон сайхан бүтээлийг гадагшаа орчуулж таниулах бүтээлч ажлуудыг хийх юмсан.
Би холын төлөвлөгөө гаргаад байдаггүй. Ойр зуурын хийх юмнуудаа ихэвчлэн бодож төлөвлөдөг. Магадгүй миний амьдралын гол зорилго зохиол унших юм уу даа. Цаашлаад олон зохиол унших, сайн зохиол унших, хурдан унших. \инээв.сурв\
-Амьдралдаа баримталдаг гол зарчим?
-Хамгийн түрүүнд би өөрөөсөө хатамжтай тэвчээртэй байхыг шаарддаг. Амьдралд тулгарах янз бүрийн асуудал дээр ч, ажил мэргэжил дээр ч ялгаагүй. Хөгжилтэй байдлаар хариулахад зохиол уншина гэдэг чинь маш хүнд хөдөлмөр. Жишээлбэл 500 хуудастай номыг хамгийн хурданаар уншлаа гэхэд нэг бүтэн өдөр болно. Маш тайвнаар уншихад хэдэн өдөр шаардана. Ингээд бодохоор энэ мэргэжил өөрөө тэвчээр шаарддаг юм уу даа. Тиймээс би зарчим баримтлаад байдаггүй. Цаг заваа зөв зүйтэй юманд зарцуулах юмсан л гэж боддог.
-Дахиад сурч боловсоръё, өөрийгөө илүү хөгжүүлье гэсэн ямар төлөвлөгөө байна?
-Утга зохиол судлаач мэргэжлээрээ дахин суралцъя, жаахан юм үзэж харъя гэсэн бодол байгаа. Европын орон руу явах бодол байна. Сая Москвагийн Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн тэтгэлэгт уралдааны эхний шатанд материалаа өгөөд тэнцчихсэн байгаа. Ирэх намраас аль нэг газар луу явж мэргэжлээрээ дээшлүүлэхээр суралцаж, ирчихээд хийх бүтээх хүсэл их байна даа.
-Чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
-Тэгж ингэж өнгөрүүлье гэж бодоод байдаггүй юм. Хааяа спортоор хичээллэнэ. Шатар тоглох хүн тааралдвал шатар тоглоно. Цаг л гарвал ном уншихыг хичээдэг. Хичээлийн шаардлагаар ч, судалгааны шаардлагаар ч тэр ном барьж аваад суучихдаг. Ном барихгүй удахаар цаанаасаа л өөртөө гомдож, уурлах мэдрэмж хатгаж эхэлдэг. Нэг бодлын ном унших нь надад ажил мөртлөө, чөлөөт цаг минь болдог.



-Ямар хөгжим сонсох дуртай вэ?
-Хөгжим нэг их сонсоод байдаггүй. Сонсвол сонгодог хөгжим л хааяа сонсдог. Дорнын хөгжмүүд сонсох дуртай.
-Гоц гойд сэтгэгдэл төрүүлсэн ном гэвэл ямар номыг нэрлэх вэ? Бас ширээний ном чинь юу вэ?
-Ингэж асуусан чинь анх уншсан номнууд санаанд буучихлаа. Анх Майн Рид зохиолчийн “Авраарай гэсэн дохио” романыг уншчихаад зохиол гэдэг чинь ийм гайхамшигтай байдаг бил үү гэж дуу алдаж байснаа санаж байна. Ингэж гоё уран нарийнаар, ийм сайхан адал явдалтай, сонирхолтой бичиж уншуулж болдог юм байна гэж бодсон шүү. Зохиол санаанд оромгүй явдлаар тайлагдаж төгссөн чинь өөрийн мэдэлгүй ангайгаад хөшчихсөн байсан. Тэгээд л ингэж мэдэрч, ингэж бичиж сурах юмсан гэж бодох болсон. Мөн Расул Гамзатовын “Миний Дагестан” гээд номыг оюутан байхад багш нар маань унш гэж даалгавар болгодог байсан. Энэ ном бол хэлбэр хийц, хэл найруулга, өгүүлж буй санааны хувьд бүх талаараа гойд ном. Яруу найрагчийн сэтгэл зүрхний үүднээс эх орон, эх хэл гээд бүх зүйлийг хайрлаж харж бичсэн үнэхээр амттай ном. Уран сайхны асар өндөр түвшинд бичигдсэн. Харин судлал шинжилгээний гээд олон л ном бий дээ. Санаанд хамгийн түрүүнд харваж орж ирснээр нь энэ хоёрыг л нэрлэлээ. Монголын нууц товчоо миний ширээн дээр байнга байж байдаг. Судлаач хүний хувьд байн байн сөхөж, эргүүлж тойруулж хардаг юм.
-Өөрийн чинь үеийн ихэнх залуус өнгө, мөнгөнд хэтэрхий их анхаарлаа хандуулаад оюун санаагаа хөгжүүлэх, ном унших гэдэг зүйлээс холдоод байгаа юм шиг санагддаг. Үүнийг юу гэж хардаг вэ?
-Оюутнууд унших тал дээр тааруухан байна. Сатаарах зүйл нь ч их болчихсонтой холбоотой байх. Номыг барьж авч тэвчээртэй уншиж, тэрэн дээрээ ажиллаж ярилцахад хангалттай биш байна. Номонд дурлуулах аргыг дунд сургуулиас нь эхлээд суулгаж өгөх ёстой юм шиг санагддаг. Хүсэл сонирхлыг нь ном руу хөтлөх зэргээр хичээлээс гадуурх сургалтаар олгодог байх хэрэгтэй. Гэтэл одоо уран зохиолын хичээлийн цагийг хүртэл багасгачихсан шүү дээ.
Нөгөө талаар номын салбар өргөжин тэлж орчуулгын бүтээлүүд олноор орж ирж байна. Залуучууд юмыг өөр өнцгөөс нь харж тунгаадаг, бие даасан үзэл бодолтой болчихож.



-Юунаас урам зориг эрч хүч авдаг вэ? Бодвол номноос л байх даа? 
-Хамгийн дуртай зүйл маань мэдээж миний мэргэжил. Өдөр бүрийн амьдралын урам зоригийг мэргэжлээсээ авдаг. Бүх юмыг хийсвэрээр төсөөлж болохгүй. Амьдрал яг уран зохиол, ном шиг биш шүү дээ. \инээв.сурв\ Тэгэхээр сайхан гэр бүл, ижий аав, элэг бүтэн амьдралаасаа  аз жаргал урам зоригийг авна даа.
-Ямар үед өөрийнхөө байж чаддаг вэ?
-Ганцаараа байхдаа. Номыг чимээтэй чимээгүй янз бүрийн орчинд уншчихдаг. Харин судалгааны ажлыг бичихдээ ганцаараа байх шаардлага гардаг. Тиймээс ганцаараа сууж, ганцаараа алхах үедээ л өөрийнхөөрөө байж илэрхийлье гэснээ бодож, гаргаж чаддаг.
-Шүлэг, үргэлжилсэн үг хоёрын аль төрлөөр нь илүү бичиж байна?
-Шүлэг нэг их бичихгүй байгаа. Арван жилийн хүүхэд байхдаа л бичдэг байлаа. Оюутан болоод судалгааны ажил гээд л явчихсан. Одоо нэг ийм хүсэл хатгаад байна. Нэг зохиол юм уу, нэг номон дээр өөрийн бодож олсон санаагаа тайлбарлаад биччихье гэхээр нэг л амтгүй болох юм шиг санагдаад болдоггүй. Хэлбэрийг нь өөрчлөөд үргэлжилсэн үгийн зохиолийг ч, шүүмжийг ч тэр зохиол шиг сонирхолтой бичвэл ч...



-Уншсан номоо тоолж үзэв үү? Номын сангийн чинь цуглуулга хэчнээн номтой болов? 
-Уншсанаа тоолж үзээгүй ээ. Харин номын сан маань 500 гаруй номтой болчихсон юм байна лээ.
-Өглөө босоод хамгийн түрүүнд юу хийдэг вэ?
-Оймсоо өмсдөг юм уу. \инээв.сурв\ Сонин асуулт байна шүү. Нүдээ нээлээ, бослоо. Аа, нэг аяга буцалсан ус заавал уудаг. Өлөн элгэн дээрээ шүдээ угааж чаддаггүй юм. Тэгээд л миний амьдрал өрнөдөг юм уу даа.
-Амьдралдаа баримталж, уриа лоозон болгож явдаг үг чинь юу вэ?
Санаа зөв бол заяа зөв. Энэ үг жаахан фантастик байж магадгүй л дээ. Гэхдээ л хүн дотроо сайн сайхан зөв зүйл бодож үйлдээд байхаар, цаанаас нь амьдралын хамаг юм нь болж бүтээд зохицуулагдаад байгаа юм шиг санагддаг. Хүссэн зүйлийг нь таацуулаад өгчихдөг ч байх шиг тийм нэг сонирхолтой зүй тогтол ажиглагдаад байдаг юм.(инээв)

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа: 
П.Урнаа



 
 
 
 


Холбоотой мэдээлэл