Print | 2018-02-09
Номын дотно нөхөр, номонд хорхойтой уншигчдад зориулан 2018 онд заавал унших 10 номын жагсаалтыг хүргэж байна. 

1.“Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” –Д.Норов




Төрийн шагналт зохиолч Д.Норовын шилмэл бүтээлүүдээс бүрдсэн “Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийн чуулган” номыг “Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас өнгөрсөн онд гаргасан. Ном хэвлэгдэхээс урьтаад Д.Норов гуайн зохиолуудтай танилцчихсан тул хараахан энэ номыг гартаа барьж үзээгүй явна. Өөрийн номын сандаа заавал байлгах ном гэдэг утгаар энд нэрлэж, танд санал болгож байна. 1980-аад онд бичигдсэн “Тэжээвэр” тууж зах зээлийн дүйвээн, ном унших завгүй шилжилтийн нийгмийн шийдвэргүй паниктсан амьдрал дунд төдийлөн олонд хүрээгүй болов уу гэж боддог юм. Ер нь 70, 80-аад он бол Монголын хүүрнэл зохиолын ид цэцэглэлтийн үе гэгддэг юм билээ. “Тагтаа паблишинг” оны өмнөхөн уг бүтээлийн хоёр дахь хэвлэлтийг уншигчдад хүргэхийн сацуу мөн 80-аад оны шилдэг зохиолчдын нэг П.Баярсайханы “Сармагчин бол сармагчин” нэртэй өгүүллэгээр нэрлэсэн түүвэр зохиолыг гаргасан юм. 

2.“Сүүдэрт гэтэх албин” –Эдогава Рампо



Японы зохиолч Таро Хирай /1894-1965 он/ уран бүтээлийн гараагаа эхлэхдээ өөртөө Эдогава Рампо хэмээх утга зохиолын нэр авсан нь америкийн утга зохиолын суутан Эдгар Аллан По-гийн нэрийг ханзаар бичсэн дуудлагын япон хувилбар байлаа. Японы триллер зохиолын хаан энэ эрхэмийн “Сүүдэрт гэтэх албин” ном өнгөрсөн онд орчуулагч Д.Дашмөнхийн орчуулгаар уншигчдад хүрэв. Зохиолч орчуулагч Д.Дашмөнх өмнө нь Эдогава Рампогийн “Хүн сандал” өгүүллэг тэргүүтэй зохиолуудыг орчуулсан байдаг. 

3.”Толгодын цаана ингэ буйлна” –Ж.Лхагва



“Толгодын цаана ингэ буйлна” гэдэг бяцхан шар ном тэртээ 1972 онд хэвлэгдэж Монголын уран зохиолд Жагдалын Лхагва гэдэг зохиолч байдгийг таниулжээ. 1997 онд тэнгэрт хальсан зохиолчийн 75 насны ойг тохиолдуулан өнгөрсөн хавар "Толгодын цаана ингэ буйлна" бүрэн түүвэр, "Толгодын цаана ингэ буйлна", " Яргуйн эрэлд " өгүүллэгийн сонсдог хоёр номыг гаргажээ. 

4."Хугацаан доторх Хугацаа" – Андрей Тарковский



ХХ зууны Оросын нэрт найруулагч Андрей Арсеньевич Тарковскийн өдрийн тэмдэглэл, ярилцлагуудаас бүтсэн  "Хугацаан доторх Хугацаа" ном өнгөрсөн онд гарсан. Уг бүтээлийг сэтгүүлч, орчуулагч П.Номинбилэг орос, англи хэлнээс (ихэвчлэн гадаадын сэтгүүлчидтэй ярилцсан байж) түүвэрлэн орчуулжээ. “Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас өмнө нь Италийн алдарт кино найруулагч Фредрико Феллинийн “Зүүд бол цорын ганц” номыг гаргаж байв. 

5."Сармагчин бол сармагчин"- П.Баярсайхан



Монголын хүүрнэл зохиолын нэрт мастер Пүрэвжавын Баярсайхан агсны шилмэл бүтээлийн чуулганг "Сармагчин бол сармагчин" нэрээр хэвлэн уншигч түмнийн гарт хүрчээ. Өнгөрсөн зууны наяад оныг дайрсан нийгмийн өөрчлөлт, хуучин шинийн зөрчил, хүмүүсийн оюун санаанд гарсан эргэлтүүд тухайн үеийн зохиолчдын бүтээлд хүчтэй туссан нь нийтлэг ажиглагддаг. Тэр дунд зохиолч П.Баярсайханы хотжилт-нүүдэл, сууриншил-хөдөөх амьдрал, хүний мөс-алдарч буй хүн чанар гэсэн хоёрдмол эсрэгцлийн үүднээс дүрүүдээ товойлгон гаргаж, дүрүүдийнхээ бодрол эргэцүүллээр уран дүрийнхээ шинж төрх, авир занг бүтээсэн уянга сэтгэлзүйн шинжтэй өгүүллэг, туужууд онцгой байр эзэлнэ.

6.“Даян дэлхийн жигшүүрт түүх”- Хорхе Луис Борхес 



Испани хэлт уран зохиолын суут төлөөлөгч Борхес “Даян дэлхийн жигшүүрт түүх”-ээ бичихдээ “Би даян дэлхийн бүх жигшүүрт түүхийг нэг номд багтаана” хэмээн ам гарсан гэдэг. Өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий зохиолч, бадрангуй суутны энэ үг зохиолд хэрхэн илрэх нь сонирхолтой юм. “Даян дэлхийн жигшүүрт түүх”-ийг испани хэлнээс орчуулагч Б.Нямдорж монгол хэлнээ буулгажээ. Үүнээс өмнө орчуулагч Б.Нямдорж Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийн “Тахлын үеийн дурлал” номыг орчуулсан байдаг. 

7.“25” –Ж.Тэгшжаргал



Сэтгүүлч Ж.Тэгшжаргал эсээ, тэмдэглэлүүдээс бүрдсэн “25” нэртэй номоо өнгөрсөн онд гаргасан. Номынхоо өмнөтгөлд тэрбээр, ““Хорин нас бол би үнэндээ юу ч мэддэггүй юм байна гэдэгтэйгээ эвлэрэхэд хэтэрхий омолон, чухам тэр л эрчилсэн их ааг омгоороо бүтэлгүйтлийн ханыг хэчнээн удаа мөргөж унасан ч ажрахгүй босч ирээд ахиад хэдэн удаа мөргөсөн ч надад нас бас тэнхээ байна гэдгээ мэдэрдэг давилуун үе юм. Харин хорин таван нас гэдэг адилхан алдаагаа ахиад нэг давтахад л хорвоо дэлхий бүгдээрээ чиний эсрэг босч, бодит амьдралын нударга нэг буултаараа л үзэж туулж, итгэж найдаж, хийж гийгүүлсэн бүхнийг чинь хумхын тоос болгон хөсөр унагахтай хэчнээн эвлэрхгүй байя гээд аяндаа тэнхэл хүрэхгүй тийм л нас ажээ.”хэмээн бичсэн байна. 

8.“Оршихгүйгээр оршихуй” –Г.Лхагвадулам



Өнгөрсөн зууны түүхэнд нэрээ үлдээсэн дэлхийн сод тод хүмүүсийн ховор ярилцлагуудыг эмхэтгэж орчуулагч Г.Лхагвадулам “Оршихгүйгээр оршихуй”, “Амьдрал нэрт кафед”  нэртэй хоёр боть ном гаргажээ. “Алдартнуудын ховор ярилцлага” цувралын дэвтэр тус бүрт 36 алдартны ярилцлага багтсан бөгөөд сүүлийн боть нь тун удахгүй гарах сурагтай.

9. “Сонгодог 100 зохиолч” -Даниел С.Бөрт



Сонгодог 100 зохиолч бүтээлд бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий зохиолчдын тухай сонирхолтой түүхийг өгүүлжээ. Энэ бүтээлд сонгодог 100 зохиолчдоос гадна утга зохиолын хөгжилд шинэ өнгө төрх авчирсан 25 зохиолч багтсан байна. 

10. “Бууж мордох хорвоо” –С.Дашдооров


Төрийн шагналт зохиолч С.Дашдооровын “Бууж мордох хорвоо” өгүүллэгийг жинхэнэ монгол сонгодог өгүүллэг хэмээн үнэлсэн байдаг. Үүнээс гадна түүний "Говийн өндөр" роман, "Өндөр ээж" тууж, "Хойтон жилийн наадам" шүлэг, "Монгол" найраглал, "Нар хиртсэн жил" кино зэрэг Монголын урлаг, уран зохиолын ертөнцөд сонгодогт тооцогдох бүтээлүүд бий. 


Холбоотой мэдээлэл