Print | 2018-02-08
“Тод-Арт агентлаг”-ийн захирал  Б.Сэргэлэн гэж эрхэмсэг хатагтайг дуурийн ягаан байшингийн захирал гэдгээр нь илүү таньдаг болсон. 1989 онд сургуулиа төгсөж, балетийн жүжигчин болсноос хойш энэ ягаан байшинтай түүний амьдралын 24 жилийн түүх салшгүй холбогджээ. Тэрээр балетийн жүжигчнээс менежер болсон. Улмаар гадаад харилцаа эрхэлсэн менежер, үйл ажиллагааны менежер, ахлах менежер, дараа нь захирлаар томилогдож байжээ.  
Үүний дараа Нийслэлийн Соёл, урлагийн газрын зөвлөхөөр ажллаж байгаад БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга (түр орлон гүйцэтгэгч)-аар томилогдон ажлаа хүлээн аваад байгаа юм. Тэрээр “Та сонгодог урлагийг заавал ойлгох гээд өөрийгөө зовоогоод хэрэггүй. Та зөвхөн таашаал аваад л орхи” хэмээн хэлж байсан удаатай. Тиймдээ ч  урлагт, тэр дундаа сонгодог урлагт хамгийн ойрхон амьдардаг энэхүү эрхэмсэг эмэгтэйн намтар түүхийг сөхөж харцгаая.


Намтар:
Б.Сэргэлэн Лувсангийн Болдын ууган охин болон мэндэлжээ. Түүний аав Л.Болд Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн. Хөнгөн үйлдвэрийн инженер, автоматикийн мэргэжилтэй. Түүний ээж М.Энхмандах дизайнер мэргэжилтэй. Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрт ажиллаж байсан. Тэрээр Улаанбаатар хотын унаган иргэн. Дарханд илгээлтээр явах болсон аав, ээжийгээ дагаж тэнд суурьшин бага сургуулиа төгссөн юм. Бага байхад нь ээжийнх нь найз эгч “Хунт нуурын” баримал дурсган балетчин болоорой гээд бэлэглэж байжээ. Түүгээр тоглож, тэвэрч унтдаг байсан бөгөөд тэр цагаас л балетчин болохыг туйлаас мөрөөддөг болов. Ингээд ОХУ-ын Пермь хотын Гейденрейхийн нэрэмжит балетын академид найман жил суралцаж хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан аж. Түүнийг балетчин мэргэжил эзэмшсэн гэдгээр нь сайн мэдэх ч урлагийн менежерийн магистр цолтой гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй.



Хань Г.Батбилэг нь Нийслэл хотын унаган хүү. ЗХУ-д 10 жилийн сургууль төгсөн тэндээ олон улсын гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн Испани хэл судлаач мэргэжилтэй хүн юм. Худалдаа аж үйлдвэрийн танхимд эксперт, гадаад худалдааны яаманд үнийн мэргэжилтэн, Техник импорт нэгдэлд хэлтсийн дарга хийдэг байжээ. Том охиныг нь Б.Ануумаа гэдэг. Орос, герман, англи хэлтэй. Гадаад харилцааны чиглэлээр суралцаж төгссөн байна. Харин бага охин Намуунаа Соёл урлагийн их сургуулийн уран зургийн ангийг зураач мэргэжлээр энэ жил төгсчээ. Б.Сэргэлэнгийн бага охин эмээгийнхээ зураг зурах авьяасыг өвлөсөн авьяаслаг охин байдаг юм. 


Боловсрол эзэмшсэн байдал:
-ОХУ-ын Пермь хотын Гейденрейхийн нэрэмжит балетын академид найман жил суралцжээ
-Урлагийн менежерийн магистр цолтой









 
 
 
 
 


Холбоотой мэдээлэл