Print | 2018-02-05

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр 09.00 цагаас эхэллээ. Бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдах бөгөөд бүртгүүлэгч бүх мэдээллийг үнэн зөвөөр бөглөх шаардлагатай юм. Сурагчийн бөглөсөн үнэн зөв мэдээллүүдэд тулгуурлан дүнг эргэж мэдээлэх, ерөнхий шалгалтын батламжийг хэвлэх аж. Шалгалтын цахим бүртгэл дөрөвдүгээр сарын 16-ны 18:00:цаг хүртэл үргэлжилж, шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй. 2017 оноос эхлэн бүртгүүлэгчид өөрсдөө цахимаар шалгалт өгөх хичээлээ сонгон бүртгүүлдэг болсон журам энэ жил ч мөрдөгдөх юм байна. Гэхдээ бүртгэл, шалгалттай холбоотойгоор журамд бага зэрэг өөрчлөлт орсон талаар Боловсрол Үнэлгээний Төвийн Шалгалт, судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат мэдээлэл өглөө.



Тэрээр, "Энэ жилийн шалгалтын бүртгэл цаг хугацаа орон зайнаас үл хамааран, онлайнаар өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил 45,000 орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Нийт 10 хичээлийн сонголтоор шалгалтаа өгнө. Монгол хэл бичгийн шалгалтын тухайд ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулагддаг зарчмынхаа дагуу явагдана. Энэ жил сэтгэн бодох, унших, эсээ бичих чадварын дасгалууд нэмэгдсэн байгаа. Харин босго оноогүй, шалгуулагчид бүр монгол хэлний шалгалтыг заавал өгсөн байх ёстой гэсэн зарчмаар явна. Мэдээж батламж нь тусдаа хэвлэгдэж гарна. Энэ жил бүртгэлийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газартай серверээ холбосон учир регистрийн дугаараа оруулахад бүх мэдээлэл нь автоматаар гарч ирэх юм. Энэ нь мэдээллийн алдаа гаргахгүйн тулд авч хэрэгжүүлж буй шийдэл. Хэрэв хувийн мэдээлэлтэй холбоотой алдаа, эсвэл мэдээллээ солих шаардлага гарвал өөрийн сургуулийн сургалтын менежерээр дамжуулан Боловсролын мэдээллийн нэгдсэн санд хандаж мэдээллээ солиулах боломжтой. Тухайн шалгуулагч хувийн мэдээллээ солиулсны дараа дахин хэвлэн авах юм. Шалгалтын хураамж өнгөрсөн жилийнхтэй ижил 5,800 төгрөг байна. Мөн энэ жил Англи, Орос хэл гэх мэт хичээлийн шалгалтад сонсоод ойлгох чадварын дасгалыг нэмж, хугацааг тодорхой хэмжээнд уртасгасан. Хугацааны хувьд математик, физик, химийн хичээлийн шалгалт 100 мин, бусад хичээлүүд 80 минутын хугацаанд үргэлжилнэ. Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдын хамрагдах тоо өссөн. Өмнө нь 2-3 шалгуулагч байсан бол өнгөрсөн жил 24 хамрагдасан. Тиймээс бид энэ жил эдгээр шалгуулагчдад зориулж тусгай даалгавар гаргахаар бэлтгэл ажлаа базаасан. уудлын хувьд тавдугаар сарын 15-аас хойш системд нэвтэрч суудлаа харах боломжтой. Шалгалтыг зургаан сарын дундын 10 хоногт зохион байгуулахаар БСШУСЯ-нд хандсан байгаа. Шалгалтын дүн өнгөрсөн жилийнхтэй адил долоодугаар сарын 1-нд гарна. Гэхдээ энэ жил шалгалтын дүнг шууд цацдаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэлээ. 


Холбоотой мэдээлэл