Print | 2018-02-01

Улс төрийн “том” хүчний “том” сайд бол ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж юм. Тэрээр Монголын улс төрийн халуун тогоонд орж ирээд даруй 30 жилийн нүүрийг элээчихсэн чамгүй туршлагатай улс төрч. Тиймдээ ч Монгол Улсын амин зүрх бүхий хууль зүйн салбарыг тавантаа тэргүүлсэн эрхэм юм. Энэ утгаараа сайн болон саар нэрийг нэлээдгүй хүртэж яваа. Одоо бол хуучин бууны хугархай ахмад гишүүний хувьд шинэковууддаа ахархан, хэд гурван үг хатуухан хэлчихдэг зантай болсон. Түүний хувьд улстөрийн  түүхэнд хэзээ ч арилахгүй хоёр хар толбо болсны нэг нь Хятадын тагнуул. Хэдийгээр өөрөө энэ тухай олонтаа тайлбар өгсөн ч  улстөр, эдийн засгийн онцгой асуудалд хутгалдах бүрт нь байн байна сөхөгддөг нэг асуудал хэвээр байдаг билээ. 
Нөгөөх нь түүнийг гэр бүлийн хамт “Энержи ресурс” компаний барьсан Зайсан дахь орон сууцны хотхонд 285 мянган доллар буюу 370 сая 500 мянган төгрөгийн үнэтэй байранд амьдардаг гэсэн мэдээллийг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа дэлгэсэн байдаг. Өөрөө сонинд ярилцлага өгөхдөө “Зөвхөн байрны урсгал зардал болох 400 мянган төгрөг төлдөг. Түрээсийн байранд амьдардаг” хэмээн ярьж онигоонд хүртэл ороод авсан удаатай. За ямартаа ч сайн, саараар хэлэгдсэн олон нэртэй энэ эрхмийн талаарх чухал баримтуудыг дэлгэж байна.


Намтар түүх:
Цэндийн Нямдорж нь Увс аймгийн Малчин суманд 1956 оны 8 сарын 10 нд малчин ард Цэндийн гэр бүлд мэндэлжээ. 1981 онд Ленинград /хуучнаар/ хотын улсын их сургуулийн хуулийн анги төгссөн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээр ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Тэрээр 30 гаруй жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд болон засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн 10 гаруй жил ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашсан юм. Мөн Улсын их хурлын гишүүнээр 20 гаруй жил (6 удаа сонгогдсон) сонгогдож байжээ. Гэргий Ж.Долгормаа нь Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн даргаар ажилладаг. Мөн л Ц.Нямдорж сайдын адил насаараа төрийн албанд зүтгэж байгаа аж. 
Төгссөн сургууль, боловсролын байдал:
·         1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
·         1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

 
Ажилласан байдал:
·         1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
·         1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч
·         1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
·         1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
·         1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
·         1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
·         2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
·         2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
·         2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
·         2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
·         2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
·         2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
·         2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
·         2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
·         2016 оноос Монгол улсын их хурлын дэд дарга
·         2017 оноос Монгол Улсын Засгийн газар гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд 5 дахь удаагаа


Хүртсэн гавъяа шагнал:

2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
2009 онд Монгол Улсын Гавьяат Хуульч 

Хөрөнгө орлогын мэдүүлэг:
2015оны ХОМ


Орлого: 28 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого: 6.2 сая
Автомашин: Toyota Venza- 1, үнэлгээ 29 сая
Үл хөдлөх хөрөнгө: 2 орон сууц, үнэлгээ 150 сая
Үнэт эдлэл: 7 сая
Хадгаламжин дахь дансны үлдэгдэл: 4.1 сая
Зээл: байхгүй
Хувьцаа эзэмшдэг эсэх: Эрдэнэс таван толгой 2144 ширхэг

2016 оны ХОМ

Орлого: 171.1 сая / 2015 онд 28 сая/
Гэр бүлийн гишүүдийн орлого: 6.4 сая
Автомашин: Toyota Venza- 1, үнэлгээ 29 сая
Үл хөдлөх хөрөнгө: 2 орон сууц, үнэлгээ 150 сая
Үнэт эдлэл: 7 сая
Хадгаламжин дахь дансны үлдэгдэл: 4.6 сая
Зээл: байхгүй
Хувьцаа эзэмшдэг эсэх: Эрдэнэс таван толгой 2144 ширхэг
2017 оны ХОМ



2.5 тэрбумын "шахаа”-ны бизнест нэр холбогдсон Нямдоржийн том хүү Анхбаяр гэж хэн бэ?

Н.Анхбаяр бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн том хүү. Тэрбээр 1979 онд Увс аймагт төрсөн. Хонь жилтэй. Дунд сургуульд байхдаа аавыгаа дагаж нутгаасаа гарсан Н.Анхбаяр хүү аавынхаа туслахаар ажиллаж улстөрд хөл тавьсан гэдэг. Өөрөөр хэлбэл аав нь түүнийг хөтөлж хөлд оруулсан шигээ улстөрд хөтөлж оруулсан юм билээ. Н.Анхбаяр аавынхаа нөлөөгөөр УИХ дахь МАН-ын бүлэгт референт, ГХЯ-нд ат-таше хийж байгаад 2010 оны 12 дугаар сараас ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт дэд захирлаар ажиллаж эхэлсэн. 
Түүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлах үеэрээ мон¬голчуудын хамгийх ихээр төвлөрөн амьдардаг хэсэг болох Баруун Эрэгт Консулын газар нээх шийдвэр гаргаж байсан бөгөөд Н.Анхбаярыг АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон байдаг. Харин Н.Анхбаярын эхнэр нь УИХ-ын гишүүн агсан Ц.Дамирангийн туслах байсан аж. Ордон дотроос эхнэртэй болж, улмаар ааваасаа холдон явсан гэхэд болно. Нямдоржийн Анхбаяр нь өнөөдөр Гадаад харилцааны яаманд нөлөө бүхий газрын даргаар ажилладаг.



Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьд шахааны бизнес хийсэн гэх хэрэгт холбогогдож багагүй дуулианыг дэгдээсэн. Тус шахааны талаар АН-ын даргад өрсөлдөж буй С.Эрдэнэ "Эрдэнэтийн 49 хувь дээр улайрч байгаа Ц.Нямдорж Эрдэнэт дээр яаж тоглосон талаар ганцхан жишээ л хэлье. Нямдоржийн хүү Анхбаяр гэдэг залуу Эрдэнэт үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн шахаас хийсэн. Одоо Ц.Нямдорж гэдэг хүн өөрөө цэвэр ариун, энхийн цагаан тагтаа болчихсон явж байна. Тэр 51 хувь дээр тэр үеийн эрх баригчид яаж туйлж байсныг бид өнөөдөр мартаагүй" хэмээн хэлж байсан удаатай.
Б.Уян
 


Холбоотой мэдээлэл