Print | 2018-01-25

Энэ цаг үеийн сонгодог урлагийн төлөөлөл, монгол хүний хоолойн хүч чадлийг дэлхийд мэдрүүлж байгаа МУСТА, Австрийн Opera Burg Gars театрын гоцлол дуучин Э. Анхбаяр, Universe Best Songs-2010 наадмын гранпри шагналт МУСТА, дуучин Б. Жавхлантөгс, дуучин Ж.Жамсранжав нарын "Бид дуулна" тоглолт 2018.02.02-ны 19цагт UB Palace концертын танхимд болох гэж байна. Ярилцлагын буландаа энэ гурван авьяаслаг залууг урьж уран бүтээл, амьдралыг үзэх үзэл, ирээдүйн зорилгынх нь талаар ярилцсан юм.

МУСТА, Австрийн Opera Burg Gars театрын гоцлол дуучин Э. Анхбаяр



2011 оны 12-р сард ОХУ-ын Москва хотноо зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24-р уралдаанд 2-р байр, 2014 оны 09-р сард Францын Тулуз хотод болсон олон улсын дуурийн уралдаанд шилдэг 7 дуучин, 2016 онд Унгарын Будапешт хотноо болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд Тэргүүн байр, 2017 оны 09 сард ОХУ-ын Санктпетербург хотноо болсон Елена Обрасцовагийн нэрэмжит дуурийн дуучдын дэлхийн аваргын 2-р байрыг тус тус эзэлсэн дэлхийд танигдсан дуучин юм.

Universe Best Songs-2010 наадмын гранпри шагналт МУСТА, дуучин Б. Жавхлантөгс



2012 оны 10-р сард ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд нийт 38 орны 270 оролцогчоос эцсийн шалгаруулалтын 15 дуучдын дунд шалгаран Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож байсан юм.

Дуучин Ж.Жамсранжав



- Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлагаа та нарын хүүхэд наснаас эхэлье гэж бодлоо. Багадаа хаана төрж өссөн ямар хүүхдүүд байв, хэзээнээс дуу урлаг сонирхох болов?

Ж.Жамсранжав: Миний бага нас Өвөрхангай аймгийн Хархорин суманд өнгөрсөн, наймдугаар анги төгстлөө тэнд амьдарсан. Хөдөөний хүүхдүүд юу хийдэг тэр болгоныг л хийдэг байлаа. Би чинь айлын ганц хүү, эгч, хоёр эмэгтэй дүүтэй, гэрийн бүх арын албыг хариуцна. Түлээ түлш, ус гээд энэ болгоныг таслахгүй авч явдаг байлаа. Дуу хөгжим сонирхох болсон маань ааваас эхтэй, аав маань их сайхан дуулдаг хүн байсан. Аавыгаа дуурайж дуулсаар урлагт хайртай болсон доо.

Э.Анхбаяр: Миний хувьд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Багадаа хотод шилжиж ирээд нийслэлийн 40-р сургуулийг төгссөн. Багаасаа дуулдаг, дуулах дуртай хүүхэд байсан. Хүүхдийн найрал дууны “Улаан бүч” чуулгад гоцлол дуулдаг байлаа. Энэ бүхэн дуучин болоход нөлөөлсөн.

Б.Жавхлантөгс: Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Цэцэрлэгт байхаасаа л дуулдаг хүүхэд байсан. Universe Best Songs уралдаанд түрүүлэхээс өмнө олон тэмцээн уралдаанд оролцож шагналт байранд орж байлаа.

- Та гурав багын найзууд уу эсвэл сүүлд уран бүтээлээр холбогдсон юм уу?

Э.Анхбаяр: Жавхаа бид хоёр 2-р курсэд байхдаа танилцаж байлаа. Жавхаа СУИС, би “Опера” гээд урлагийн сургуульд сурдаг. Гэхдээ тэрнээс ч өмнө бид бие биенээ эчнээ таньдаг, уралдаанд хамт оролцдог байсан. Жамсранжав найзтайгаа танилцаад 2, 3 жил болж байна.
Хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбатын бид гуравт зориулж бичсэн “Сүүн замтай Монгол” дуунаас л хамт уран бүтээл хийх эхлэл тавигдсан. Заавал хамтлаг болж, хамт уран бүтээл хийхдээ гол нь биш, амьдралын сайхан найзууд гэдэг нь бидний хувьд үнэ цэнэтэй. Бие биенээ ойлгодог учир одоо хамтраад тоглолт хийхэд хүртэл амар байна.



- Та гурвыг нэгтгэдэг, нөхөрлөлийг бий болгодог хамгийн чухал зүйл юу вэ?

Э.Анхбаяр: Хамгийн чухал нь ертөнцийг үзэх үзэл, аливаа зүйлд хандах хандлага нь ижил төстэй байх гэж хэлнэ. Хоёр тэс өөр үзэл бодолтой, нэг нь сайхан гүндүүгүй эр, нөгөө нь нэг шалчигнасан эр байвал нөхөрлөл удаан үргэлжлэхгүй дээ. Бид гурвын хувьд ертөнцийг үзэх үзэл нь төстэй, туулж ирсэн амьдрал нь ойролцоо, ирээдүйд зорьж байгаа зорилго нь бидний нөхөрлөл бат бөх болоход нөлөөлсөн.

- Бие хүн болж төлөвшихөд, өөрсдийгөө энэ хэмжээнд боловсруулахад хамгийн их нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?

Ж.Жамсранжав: Гэр бүлийн хүмүүжил гэж хэлнэ дээ. Хувь хүний төлөвшилд гэр бүлийн халуун дулаан орчин, хайр, эцэг эхийн сургамж хамгийн чухал гэж боддог.

Э.Анхбаяр: Бидний суурь хүмүүжил багаасаа их зөв тавигдсан юм шиг байгаан. Ахмад хүнийг хүндэлдэг, үгийг нь сонсдог, томчуудын ярианд орж болохгүй гээд л үр хүүхэддээ заадаг байж. Мөн бидний амьдралд чухал нөлөө үзүүлдэг хүн бол багш. Дээр нь сонгодог урлаг онцгой үүргийг биелүүлсэн гэж үздэг. Сонгодог урлаг зөвхөн хүнд төдийгүй энэ хорвоо дэлхий дээрх амьт биет бүхэнд нөлөөлдөг. Ус, навч, цэцэгст сонгодог хөгжмийг сонсгоход молекул, эсийн түвшинд нь  үйлчилдэг. Цаашид ч сонгодог урлагийн нөлөө амьдралд маань байсаар байх болов уу.

Б.Жавхлантөгс: Миний хувьд аав ээжийн маань нөлөө мэдээж байсан. Би багадаа таван өөр сургуульд шилжиж суралцсан. Тэр бүрт шинэ хүүхдүүдтэй найзалж нөхөрлөх болно, тиймээс багаасаа олны дунд биеэ авч явж, бусадтай ойлголцож сурсан. Одоо миний арван жилийн ангийн найз нөхөд гэвэл 200-аад хүн байдаг.
СУИС-д ороод нийтийн дуучин болно гэж бодож байсан, харин сонгодог урлагтай танилцсанаар миний бодол өөрчлөгдсөн. Сонгодог урлаг хүний амьдрал, төлөвшилд маш их нөлөөлдөг. Багш нар ч бас их чухал нөлөөтэй. Арван жилд зүгээр л нэг хүнийг дагаж дуулдаг байсан бол багш гэдэг хүн энэ дуу чинь ийм амьтай дуу, эхлээд дуу дуулах гэж байгаа бол дуугаа судлаад амьдруулж дуулах хэрэгтэй гэж заадаг байсан. Эндээс их зүйлийг сурсан.



- Сайн дуучин болохын тулд ямар замыг туулдаг вэ, энгийн хүний хувьд тайзан дээрх тоглолтыг л үздэг болохоор хөшигний ард юу болдгийг төдийлөн мэдэхгүй байх.

Э.Анхбаяр: Анх урлагийн сургуульд ороход багш нар дуулалтын дасгалыг залхтал хийлгэдэг. Дотроо хэзээ дуу дуулах юм болоо, дуулах нууцыг хэзээ заах юм болоо гээд хүлээдэг байлаа. Жилийн дараанаас хоолой өөрчлөгдөөд, арга барилтай болж ирэхэд сая нууцыг нь ойлгосон. Дуучин болоход бэлтгэл сургууль, уйгагүй хөдөлмөр, өөрийнхөө мэргэжилдээ хайртай байх гээд олон зүйл бий л дээ. Дуучныг ганц гаргаж ирдэг хүн чинь багш шүү дээ. Багш шавь болж бие биенээ ойлгох, харилцаа гүнзгий болох тусам бие биенээ мэдэрдэг болдог. Мянга гоё хоолойтой байгаад сайн багштай учрахгүй бол өнгөрөө.

- Сайн дуучин, муу дуучин гэдгийг дуулалтаас гадна юугаар хэмжих вэ?

Б.Жавхлантөгс: Тэр хүний байгалиас заяасан өгөгдөл гэж байна. Хэчнээн адилхан хөдөлмөрлөдөг ч гэсэн өгөгдөл бага бол авьяастай нь цойлоод гараад ирнэ. Энэ өгөгдлийг сайн багш олж хараад ажиллачих юм бол сайн дуучин төрнө. Гол нь багшийн хөдөлмөр л дөө.
Ж.Жамсранжав: 2005 онд анх студид орж дуулж байлаа. Тэгээд ер нь сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод зууны манлай дуурийн дуучин Уртнасан багш дээрээ очсон. Жил гаруй хамт дасгал сургуулилт хийсэн. Найз нөхдөөсөө бас суралцсан зүйл их бий.
Э.Анхбаяр: Том мундаг багшийн дэргэд очихоор биеэ бариад байдаг, харин найз нөхдөөсөө сурдаг зүйл их бий. Чи яаж дээд өнгө аваад байна гээд л эргэн тойрноосоо санаа зовох зүйлгүй асуучихдаг.

- Дуучин болох гэж байгаа хүний хувьд багш гэж чухал хүн байдаг юм байна. Багш нараа танилцуулаач.

Э.Анхбаяр: Монгол Ардын жүжигчин Б.Жавзандулам, Итали багш Анатолия Грусык
Б.Жавхлантөгс: Монгол Улсын Гавьяат багш Д.Дашиймаа, Соёлын Тэргүүний Ажилтан Ц.Гэрэлбаатар
Ж.Жамсранжав: Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан



- Та нар дуулахаас гадна ямар хоббитой вэ?

Э.Анхбаяр: Бид гурав дотор хоббитой нэг л хүн байгаа шд. Манай Жаамаа төмөр өргөдөг, фитнессээр хичээллэдэг. Амьдралынхаа гурван жилийг тэнд зориулсан. Одоо хувьдаа фитнесс ажиллуулдаг.

Ж.Жамсранжав: Чи ч бас анд явах хоббитой биз дээ /инээв../

Э.Анхбаяр: Миний хувьд хөдөө гадаа ууланд явах хоббитой. Гадаа -30, -40 градус байхад хүртэл гал түлээд хоночихдог.

Б.Жавхлантөгс: Миний хувьд гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлэх хоббитой гэх юм уу.

Э.Анхбаяр: Манай Жавхаа үнэхээр сайн аав шүү./инээв./ Жавхаатай энэ олон жил найзалж нөхөрлөхөд нэг удаа уурлаж байхыг нь хараагүй ш дээ.

Б.Жавхлантөгс: Багаасаа мэдээлэл зүйн олимпиадад оролцдог байсан болохоор тэр үү компьютер, интернэттэй их ойрхон байдаг байсан. Тэр утгаараа тухайн үеийн гадаадын хамтлаг дуучдын клип, дуунуудыг алгасалгүй үздэг байлаа. Одоо ч мөн адил чиглэл урсгал хамаарахгүйгээр дуу, концерт үзэх хоббитой. Мундаг дуучдын бүтээлүүдийг сонсож байхад маш их хөглөгддөг.

- Одоо болох гэж байгаа тоглолтынхоо тухай манай уншигчдад танилцуулаач.

Э.Анхбаяр: Одоо болох тоглолт маань бүх массад зориулагдсан, 60, 70, 80 оны  Монголын түүхэнд зохиогдсон бүх хит дуунууд тоглогдох юм.

Б.Жавхлантөгс: Youtube-ээр эртний сайхан концертын бичлэгүүд гардаг шүү дээ, яг түүн шиг л сайхан концерт болно. Шоу ердөө биш. Зарим нийтийн дуучдын харахад тоглолтыг шоу хэлбэртэй хийдэг болчихож.

Ж.Жамсранжав: Хамгийн том давуу тал нь тэнд орж ирсэн бүх хүн дуунуудыг нь мэддэг, дагаж дуулах болно. Тиймээс тоглолт маань маш сайхан халуун дулаан уур амьсгалтай болно гэж бодож байна.

Э.Анхбаяр: Эхний хэсэг нь амьд оркестртой, дараагийн хэсэг нь цахилгаан хөгжимтэй, нэг ширхэг ч фонаграм, ам барьсан юм байхгүй тоглолт болно. Нийт 25 дуу дуулагдана. “Нарлаг монгол орон”, “Эх дэлхий миний ээж”, “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр минь” гээд хүн бүрийн мэддэг хуучны сайхан дуунууд дуулагдана.



- Хувцас сонголт, харагдах байдалдаа яаж анхаарч байна?

Б.Жавхлантөгс: Концертынхоо л хувцасыг өмсөнө, илүү юмаар шоудахгүй ээ./инээв./
Э.Анхбаяр: Зарим нь загвар үзүүлж байгаа юм шиг хоёр дуу дуулаад л хувцасаа сольдог. Бидэнд тийм зүйл байхгүй ээ.
Б.Жавхлантөгс: Бид гурвын хувьд хоолойгоороо л шоудна./инээв./

- Өөрийг чинь илэрхийлдэг хамгийн том давуу тал юу вэ?

Э.Анхбаяр: Манай Жавхаа их хүлээцтэй, хүн чанартай. Олон зүйл дээр харагддаг, чи яагаад ингэсийн бэ гэхээр буян хурааж байна аа л гэдэг.

Б.Жавхлантөгс: Манай Анхаагийн хувьд их цайлган, нинжин сэтгэлтэй. Ямар сайндаа гадаадад дууны тэмцээнд оролцож яваад монгол дуугаа сонсоод уйлж байна гэхээр ямар их сэтгэл хөдлөлтэй, уян хүн бэ гэдэг нь харагддаг.

Э.Анхбаяр: Манай Жаамаа бол их гүндүүгүй, бараг тэнгэр нурж байсан ч тоохгүй дээ, их тайван хүн.

- Та гурав өөрсдийгөө юугаараа бусдаас өөр гэж боджийн?

Э.Анхбаяр: Ний нуугүй хэлэхэд хоолойны чадлаараа намайг гүйцэх дуучин Монголд байхгүй. Ариунбаатар бол яахав, олонд танигдсандаа л байдаг биз. Тэрнээс ямар ч ялгаа байхгүй, үүнийг би бардам хэлнэ.

Б.Жавхлантөгс: Хүний итгэл даадаг, нөхөрлөвөл нөхөрлөсөн шиг нөхөрлөдөг. Оюутан байхаасаа цуг дуулдаг, найзалж нөхөрлөдөг байсан зарим дуучид өнөөдөр мөнгөтэй, нэр алдартай болонгуутаа танихаа больчихдог. Бид гуравт бол тийм зан байхгүй ээ.

Ж.Жамсранжав: Миний хувьд бүх рок поп, нийтийн дуучидтай найзууд. Одоо болох тоглолтонд маань Люмино хамтлагийн МС хүртэл туслаад явж байна. Бид бүгд л бие биенээ дэмждэг дээ.

Э.Анхбаяр: Жаамааг би дуучных нь хувьд тодорхойлоход, хэрэв Жаамаа маань тууштай яваад суралцсан бол дуурийн театрт байхгүй тёнер болох байсан юм. Байгалийн өгөгдөл үнэхээр сайтай. Бурханаас их гоё хоолой өгсөн.



- Ойрын таван жилийн төлөвлөгөө?

Э.Анхбаяр: Бидэнд цаашдаа хийж бүтээе гэсэн олон зүйл бий. Дан ганц дуу дуулах биш, урлаг дууг яаж хүний амьдралд ач тустай байлгах вэ, урлагаар дамжуулж жирийн хүмүүсийн амьдралд ямар эерэг нөлөөг бий болгож болох вэ энэ тал дээр их зүйлийг хийх болно. Сонгодог урлагийг ард түмэнд хүргэх маш чухал, шууд Тоска дуурьт аваачаад суулгачихвал хэцүү шүү дээ, уйдна, залхана. Харин залхаахгүйгээр сонгодог урлагийг хүргэх нь бидний зорилго.
Миний хувьд залуу дуучин биш, гуч гарчихлаа, багаасаа олон улсын тайзан дээр дуулсан болохоор Монголд төдийлөн хүмүүс мэддэггүй. Цаашид Монголдоо амьдарна, эндээ уран бүтээлээ хийнэ, үр хүүхэд маань ч энд өсч торних учраас Монголын сонгодог бүтээл, Монгол дуун дээрээ ажиллана гэж боддог. Гадагшаа тэлж, хамгийн наад зах нь Буриад, ОХУ, бүр цаашилбал баруун Европт монголын сонгодог бүтээлүүдийг хүргэх ажлыг эхлүүлээд явж байна.
Энэ жилийн хувьд гэвэл төрж өссөн нутгийнхандаа энэ тоглолтоо хүргэнэ. Завхан, Өвөрхангай аймгуудаар явж тоглолт хийнэ.

Б.Жавхлантөгс: Нийтийн дуу, хошин шог гээд масст зориулагдсан урлаг байна л даа. Гэхдээ сонгодог урлаг гэдэг дээд боловсролын түвшинд яригдана. Бага, дунд, дээд боловсрол гэдэг шиг, манай монголчуудын хувьд урлагаар хэлбэл бага ангийн боловсролтойгоо байгаад байна.
Бид гурав эхний ээлжинд сургалтын  төв байгуулахаар төлөвлөөд байна. Энэ сургалтын төвөөрөө дамжуулаад энгийн иргэдэд урлагийн боловсрол олгодог, ядаж нэг дууг зөв дуулаад сурчихвал хэрэгтэй шүү дээ. Италийн Венецид дуулдаггүй хүн байдаггүй гэсэн. Монголд ч гэсэн эрт үеэсээ бүх хүн л ардынхаа дууг мэддэг, дуулдаг байсан.Одоо л энэ байдал алдагдчихсан болохоос. Цаашлаад сургалтын төвөө сургууль болгоно гэж мөрөөдөж байна.

Ж.Жамсранжав: Дуу гэдэг цаанаасаа том философитой, хүнийг хүмүүжүүлдэг. Шүлэг уншаад ойлгоогүй хэрнээ дуулж байхдаа ойлгодог, нэг ёсондоо зүрх сэтгэлийн боловсрол дуугаар дамжиж бий болдог.

- Амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

Ж.Жамсранжав: Хүнд хайр нигүүлслийн сэтгэлийг харамгүй өг, бусдын хайр хүндлэлийг нь ч бас мэдэрч, дааж сур.
Б.Жавхлантөгс: Зорьсон зүйлдээ тууштай байж, зөв амьдрах юм даа. Мөнгө олохын тулд буруу үйл хийж байснаас мөнгөгүй ч гэсэн зөв амьдрах.
Э.Анхбаяр: Эхэлсэн зүйлээ ямар ч байсан дуусга, юуны төлөө, юунд зорьсноо битгий март, ямар ч байсан дуусга. Хэзээ ч битгий ухар, хэзээ ч битгий бууж өг. Миний хувьд олон тэмцээн уралдаанд оролцож байхад хасагдах, шантрах их зүйл тохиолдоно. Өнөөдөр шантарсан ч маргааш босоод л ирдэг. Дуурийн дуучин гэдэг мэргэжил хаана очиж зогсдог юм тэр хүртэл явна гэж боддог. 

- Манай урилгыг хүлээн авч бидэнтэй ярилцсан та бүхэнд баярлалаа. Удахгүй болох тоглолтонд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Шинэ уран бүтээлүүдээрээ ард түмнийхээ сонорыг мялааж яваарай.
Ярилцсан: Н.Мөрөн


Холбоотой мэдээлэл