Print | 2018-01-19
Өнөөдрийн бахархалт мэдээ билгүүн найрагч Д.Урианхай 2018 оны Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшсэн явдал байв. Бид та бүхэнд түүний дэлхийд шагшигдсан сод бүтээлийг толилуулж байна. 

Түүний энэхүү постмодерн авангард шүлэг Францын эрдэмтэн судлаачдын баг эрхэлдэг “Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтсан. Энэхүү номыг ердөө 50-хан хувь хэвлэж олон улсад элит хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хаадын номын санд тусгайлан дурсгадаг юм.


Д.Урианхай



Инээд шиг хуучин хүний амьдралд


Инээд шиг хуучин хүний амьдралд
Нулимс шиг халуун байх!
Маргааш шиг ойрхон байх!
Магад ирэх Үхэл шиг
Давтагдахгүй байх!...
Нулимс шиг хуучин хүний амьдралд
Мөрөөдөл шиг гэгээн байх!
Хайргүй хүндээ ч хайр олох!...
Харагдахгүй Бурхан,
Мартагдахгүй гомдолдоо
Уйлахгүй тэсэхээр цайлган байх!
Гомдол шиг хуучин хүний амьдралд
Харагдахгүй Бурхан шиг ил байх!
Өнөөдрийнх шиг уйтай өдрийг
Дахиад яасан ч тэвчихээргүй
Тэсрэмтгий байх!
Өчигдрийнх шиг,
Уржигдрынх шиг
Утгагүй тарчилгах удаан өдрөөс
Дахиад яасан ч амьд үлдэхээргүй
Тэрсүүд байх!
Инээд шиг хуучин...
Нулимс шиг хуучин...
Гомдол шиг хуучин...
Харагдахгүй Бурхан шиг...
Хүний амьдралд
"Байхгүй юм" шиг нь
Үргэлж шинэ байх!
"Байгаа" бүгдээс нь
Мөнхөд өөр байх!...

Тэрслүү үзэл: Түүнд Төрийн шагнал олгох гэсэн боловч аваагүй. Тэрбээр энэ талаараа:



-Монголын төрд би болзол тавьсан юм. Ард түмний амьдрал ядуу байна. Бүгдийг нь баян болго. Ядуу зүдүү иргэдтэй, тэнэмэл хүүхдүүдтэй, хүн алдаг алчуурчинтай төрөөс би шагнал авахгүй. Төрийн удирдлагууд миний бүтээлээс дор байна. Би бүтээлээ үнэлж байна. Би ард түмнээ ядуу байлгаж буй, гуйлгачинтай төрөөс ямарваа нэгэн шагнал авахгүй л гэсэн. Энэ бол үзэл бодлын зүйл байгаа юм л даа гэсэн удаатай.
 

 
Тодотгол: Яруу найрагч, “Болор цом”- ын эзэн, “Дэлхийн урлаг соёлын академи”-ийн байнгын гишүүн, Утга зохиолын доктор, Монголын    философичдын холбоо”-ны тэргүүлэгч гишүүн Дамдинсүрэнгийн Урианхай

Товч намтар: 1940 оны 7-р сарын 29нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. Яруу найрагч үргэлжилсэн үгийн зохиолч. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит ардын аж ахуйн дээд сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг төгссөн. 1968 оноос уран зохиол бичиж роман, тууж, өгүүллэгийн номууд хэвлүүлжээ. 1978 онд "Халуун зуны сүүдэр" туужаараа МЗЭ-ийн шагнал, 2002 онд Алтан-Өд, 2003 онд Болор цом яруу найргийн наадмын тэргүүн шагнал, 2005, 2007 онд МЗЭ-ийн "Алтан Өд" шагнал авчээ.
Тэрбээр мөн “Азийн уран зохиолын шагнал”-ын эзнээр тодорч байсан билээ.

Билгүүн найрагчдаа нийт утга зохиолд шимтэгчдийн өмнөөс халуун баяр хүргэж амжилт хүсье!
Бэлтгэсэн Б.Хадаан
 


Холбоотой мэдээлэл