2018-01-10 10:53:43

Харвард тэднийг сонгосон!

Харвард аль хэдийнэ монголчуудын хувьд алс холын зүйл байхаа больсон. Зөвхөн 2011 онд Монголоос Харвардыг төгссөн 18 оюутан байсан  гээд бодохоор дэлхийн боловсрол дэргэд иржээ. Харвардын их сургууль нь АНУ-ын Массачусэттс мужийн Кембридж болон Бостон хотноо байрладаг. 1636 онд Жон Харвардын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. The Center for World University Rankings байгууллагаас дэлхийн шилдэг их сургуулиудыг жагсаахад шилдэг 25 сургуулиас Харвард бүх үзүүлэлтийг 100 хувь хангаж тэргүүлсэн. Бүх багш нар нь Нобелийн шагналтай дэлхийн номер нэг сургууль.
Харвардын их сургуулийн уриа нь “VE.RI.TAS” латин хэлээр “Шударга үнэний сахиусан тэнгэр”, “Шударга үнэн” гэсэн үг юм. Дэлхийн хэмжээнд боловсролын чанар, нэр хүнд, нөлөөгөөрөө тэргүүлж шударга ёс, ардчиллыг бэхжүүлэх, хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлт бий болгох, чадварлаг манлайлагчдыг төрүүлэх эрхэм зорилготой.
Өндөр хэмжээний шалгуурыг даван дэлхийн номер нэг сургуульд амжилттай суралцсан Монголын оюунлаг хүмүүсийг бид та бүхэнд танилцуулж байна.

Ц.Элбэгдорж /Ерөнхийлөгч асан/



Тэрбээр Харвард төгссөн төрийн тэргүүнүүдийн клубын гишүүн. Харвардын Жонн Кеннедийн төрийн удирдлагын сургуулийг дүүргэсэн. Төрийн удирдлагын мастер зэрэгтэйгээр 2002 онд төгссөн.

Ц.Мөнх-Оргил /ХЗДХ-ийн сайд асан/



“Харвардын коммунист” хочтой цор ганц улс төрч. 1996 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн. Эрх зүйч, хууль зүйн магистр.

Б.Баттүшиг /E-MART-ийн ТУЗ-ын дарга/



Харвардын бизнесийн сургуулийг төгссөн анхны Монгол хүн. Дэлхийд чансаагаараа эхний аравт бичигдэх Чикагогийн Их сургуулийг мөн төгссөн. “Морган Стэнли”-д шинжээчээр ажиллаж байсан.
Б.Баттүшиг: Яг үнэндээ гадаадын нэр хүндтэй сургуульд суралцсан, гадны том банкуудад ажилд орсон цаг үе минь аавыг Ерөнхий сайд болоогүй байхад болж өнгөрсөн. Тэрийг хүмүүс салгаж ойлгох хэрэгтэй байх л даа. Би 2009 онд төгсөөд намар нь ажилд орж байсан.

С.Эрдэнэболд /АЗХ-ны ерөнхийлөгч/



АНУ-ын Индианагийн их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2016 онд Харвардын их сургуулийг Жон Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан.
С.Эрдэнэболд:Харвардад Буддын гүн ухаан маш их нэвчсэн. “Энэ ертөнцийн хамгийн хол аялал юу вэ?” гэхээр тархинаас зүрх хүртэл 20см зай. Тархи зүрхээ чагнаж ойлгох, мэдрэх, өөрийгөө олох тэр аялал. Хүн чанартай, хүнлэг, худлаа биш, аливаад бодит үнэн хандах, алдаа оноогоо шударгаар хүлээн зөвшөөрөх гэдгийг л заадаг. Түүнээс биш математик загварчлалаар Төрийн онолыг яаж босгохыг заахгүй. “Чи өөрийнхөө тухай бод, өөрийгөө л хай” гээд дахин дахин заана. Үүнд төгс хариулт байхгүй, өөрөөрөө бодоход ямар нэгэн үндэс тавигдана.
 
У.Билгүүн /оюутан/



“Хобби” сургуулийн төгсөгч. Харвардад элсэж тэтгэлэгтэй суралцах эрх авсан. Тэрбээр 6 хэлийг төгс эзэмшсэн гэдгээрээ хүүхэд залуусын дунд нэртэй. Блог идэвхтэй хөтөлж туршлагаа хуваалцдаг.
У.Билгүүн: Манай сургууль тухайн элсэгчийн гэр бүлийн орлого, чадамжийг хараад тэтгэлэг өгдөг. Харвардад тэнцчих л юм бол чиний өрхийн орлого жилийн 70 мянган ам.доллараас бага байвал бүх зүйлийг нь даачихдаг.

Б.Мандухай /Эрдэм шинжилгээний ажилтан/



Харвардад доктор хамгаалсан анхны Монгол хүн. Харвардын шинжлэх ухааны сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан. Нийгмийн антрпологич мэргэжилтэй.
Б.Мандухай: Бүх тэтгэлэг өөр өөр зүйл шаардана. Хамгийн гол нь олон чадалтай хүмүүсийн дундаас яагаад бусдад нь тэр мөнгөө өгөхгүй, харин ганцхан надад өгөх нь зөв юм бэ гэдгээ итгүүлнэ гэдэг амаргүй. Шинэ санаа гаргасан хүнийг л сонгоно. Маш өрсөлдөөнтэй, хэдэн зуун мянган хүнээс ганц нэгд нь л олддог.

Б.Уянга /геологич/



Харвардад Геологийн чиглэлээр Ph.D хамгаалсан. Рио Тинто Эксплорейшн-д геологичоор ажиллаж байсан. Ахлах сургуулиа АНУ-д дүүргэж харин дээд боловсролыг эх орондоо эзэмшсэн.
Б.Уянга: Харвардад орох нь өөрөө маш том даваа гэж хүмүүс боддог бол тэр тусмаа нарийн судалгаа хийж буй бидэнд Харвардад орчихсон хойноо ч гэсэн ахиад л түүнээс өндөр босгыг давах хэрэгтэй болдог. Нэг давааг давлаа ч цаана нь бүр өндөр босгыг давах хэрэгтэй болдог. Нөгөө талаасаа Харвард өөрийгөө бусадтай харьцуулан таних, өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгодог газар.

Л.Оюун-Эрдэнэ /улс төрч/



Харвардын Жон Кеннедийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд суралцсан. АНУ-г зорихоосоо өмнө нам, улс төрийн ажилд идэвхийлэн зүтгэж байсан.
Л.Оюун-Эрдэнэ: Дэлхийн 102 орны 10 гаруй жилийн ажлын туршлагатай төрийн удирдлагууд, АНУ-ын муж бүрээс мөн тийм түвшний улс нийлээд 400 гаруй оюутан нэг анги. Бие биенээсээ суралцах боломж маш өндөр, тэрийг нь ч систем нь дэмждэг. Өдрийн хоол ч зүгээр идэхгүй, хүмүүстэй хамт иднэ. Хичээл бас тийм хялбар биш. “Харвард бол зөвхөн нэр үг биш, харин үйл үг” гэж профессорууд анх ирэхэд хэлж байсан үнэн юм билээ.

Та бүхэнд амжилт хүсье! Харвардын дараагийн суралцагч та ч байж болох юм.
Бэлтгэсэн: Б.Хадаан